МОНГОЛ, ЧЕХИЙН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА - 2023 ОНД

2023-12-18


МОНГОЛ, ЧЕХИЙН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА - 2023 ОНД: Онцлох үйл явдлын тойм:
 
1. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел нар Нью-Йорк хотноо 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
 
 
2. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 59 дэх бага хурлын үеэр Чех улсын Гадаад хэргийн сайд Ян Липавскийтай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.
 
 
3. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2023 оны 5 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Чех Улсад айлчлав.
 
 
4. Бүгд Найрамдах Чех Улсын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн асуудал эрхэлсэн сайд М.Юречка 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 4-ний өдрүүдэд Монгол Улсад айлчлав.
 
 
 
 
5. “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр” 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэв.
 
 
6. Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, спортын дэд сайд Я.Миллер 2023 оны 4 дүгээр сарын 15-20-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлав. “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааг дэмжих тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, БНЧУ-ын Боловсрол, залуучууд, спортын яам хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичиг”-т хоёр тал гарын үсэг зурав.
 
 
 
7. Монгол Улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, Академич Д.Рэгдэл, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатар нар 5 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд Чех улсад ажиллаж, Чехийн ШУА-ийн Ерөнхийлөгч Ева Зажималова болон Үндэсний музейн захирал М.Лукеш нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцож, Монголын үлэг гүрвэлийн үзэсгэлэнг Прага хотноо гаргахаар ярилцав. Мөн хоёр улсын Шинжлэх ухааны академиуд хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр, ШУА болон Чех улсын Үндэсний музей хооронд хамтран ажиллах Санамж бичиг байгуулав.
 
 
 
 
8. Чех улсын Үндэсний музейн захирал М.Лукеш 2023 оны 8 дугаар сард Монгол Улсад айлчилж, Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин, Чингис Хаан музейн захирал Чулуун нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Талууд “Чингис Хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг Прага хотноо гаргахаар төлөвлөн ярилцаж байна. 
 
 
9. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн болзол хангаж, Прага хотын Техникийн Их сургуульд суралцах оюутнуудын түрүүч ирэв. Дараагийн оюутнууд 2024 оны 1 дүгээр сард ирнэ. 
 
 
10. МУИС-ийн Слав судлалын тэнхимд чех хэлний багш хүрэлцэн ирж ажиллаж байгаагийн зэрэгцээ Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, спортын яамнаас тус Их сургуулийн Физикийн сургуулийн Мэдээллийн технологийн тэнхимд 1 сая орчим кроны санхүүгийн туслалцааг үзүүлэв.
 
 
11. Прага хотын Амьтны хүрээлэнгийн захирал М.Бобек тэргүүтэй тахь эргэн нутагшуулах баг Монголд 2 удаа ажиллаж, тахь нутагшуулах дараагийн нутгаар Дорнод аймгийн Халх гол сумын нутаг Сүмийн хоолой хэмээх газрыг сонгон, судалгаа, шинжилгээний ажлаа эхлүүлээд байна. 
 
 
12. Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын Хамтарсан хорооны 8 дугаар хуралдаан 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотноо болов.
 
 
 
 
13. Монгол, Чехийн бизнес форум 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод болов. Монгол, Чехийн бизнесийн форум болов. Чехийн 20 гаруй компани, Монголын 100 гаруй компани оролцов. Хоёр орны худалдаан эргэлт 10 дугаар сарын байдлаар 14.3 сая ам.доллар болсон нь өмнөх жилийнхээс  2 сая гаруй ам.доллараар илүү дүн юм.  
 
 
 
14. Чехийн Contechin Group” ХХК 750,000 еврогийн өртөг бүхий техник, технологиор сард 6,000 литр чехийн Плзен төрлийн шар айраг үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг 11 дүгээр сард Эрдэнэт хотод ашиглалтад оруулав.
 
 
15. Монголын ТАСО стоунз ХХК Чехийн GESTRA компанийн машин тоног төхөөрөмж, ноу- хауг ашиглан боржин чулууны үйлдвэр ашиглалтад оруулж, хот, орон нутгийн бүтээн байгуулалтад оролцож байна.