УУЛ УУРХАЙ, ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

2023-05-22


 
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Чех Улсын Үйлдвэр, худалдааны сайд Йозеф Сикела нар    “Уул уурхай, эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Чех Улсын Үйлдвэр, худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав.
 
 
Санамж бичгийн хүрээнд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгаа, шинжилгээний салбарт хамтран ажиллах, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, уул уурхайн орд газруудад нөхөн сэргээлт хийх, байгаль орчинд ээлтэй, хаягдал боловсруулалтын менежментийн технологийн талаар мэдлэг, туршлага солилцох боломжтой болж байгаа юм.
 
Талууд геологи, уул уурхайн салбарт хоёр орны уламжлалт хамтын ажиллагааг идэвхжүүлэх, мэргэжилтэн бэлтгэх, солилцох, судалгааны чиглэлээр хамтран ажиллах, Чехийн дэвшилтэт техник, технологийг ашиглаж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэхээр тохиролцлоо.