ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ КАРЛЫН ИХ СУРГУУЛЬД ЗОЧЛОВ

2023-05-22


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Чех улсад хийсэн айлчлалынхаа хүрээнд Карлын Их сургуульд зочилж, тус сургуулийн дэд захирал Ева Волдржихова болон Монгол судлалын тэнхимийн багш, оюутнуудтай уулзаж ярилцлаа.
 
Сайд Б.Батцэцэг найрсаг харилцаатай Чех улстай явуулж ирсэн хамтын ажиллагаанд Чех улсад суралцсан Монголын олон зуун оюутан чухал үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглэж, түүний дотор Карлын Их сургуульд монгол оюутнууд суралцах болсонд баяртай байгаагаа илэрхийлэв. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Илгэээлт 2100 хөтөлбөрийн хүрээнд Чехийн их, дээд сургуулиудад оюутан сургахаар болсон юм.
 
 
Мөн Карлын Их сургуулийн удирдлага монгол судлалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэн талархаж, хамтын ажиллагааг тогтвортой өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа МУИС, Карлын ИС-ийн хооронд явуулж ирсэн хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Эдгээр сургуулиудын хооронд байгуулагдсан хамтын ажиллагааны Санамж бичгийг шинэчилж ажиллахын чухлыг тэмдэглэв. Тус тэнхим нь 4 багш, баклавр, магистр, докторын зэрэг хамгаалахаар суралцаж буй 20 оюутантай үйл ажиллагаагаа явуулж байна.
 
 
Карлын Их сургуулийн удирдлага, Ази судлалын хүрээлэнгийн дэргэдэх Монгол судлалын тэнхимийн хамт олон монгол судлалыг хөгжүүлэх, залгамж халааг бэлтгэхэд өндөр ач холбогдол өгч байгаад талархаж, эрдэм шинжилгээний судалгаа, бүтээлүүдээ эмхэтгэж, “Mongolica Pragensia” эрдэм шинжилгээний сэтгүүлийг тогтмол гаргаж байгаад баяртай байгаагаа илэрхийлье. Энэхүү нэр хүндтэй сэтгүүлийг тасалдуулалгүй гаргаж байх нь олон улсын монгол судлалд өндөр ач холбогдолтой гэж үзэж байна гэв.
 
Монгол Улсын төр, засгаас хилийн чанад дахь монгол судлалыг дэмжих бодлогын хүрээнд 2022 онд монгол судлалын эрдэм шинжилгээний “Mongolica Pragensia” сэтгүүлийн сүүлчийн 2 дугаарыг ГХЯ-ны санхүүгийн дэмжлэгтэйгээр хэвлүүлсэн юм.
 
Улмаар манай улс залуу монгол судлаачдын зуны сургуулийн хөтөлбөрийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ тэднийг дэмжих зорилгоор 2023 оноос эхлэн шилдэг бүтээлд олгох “Гадаад харилцааны сайдын нэрэмжит шагнал”-ыг бий болгосныг мэдээлж оюутнуудыг оролцохыг урив.
 
Мөн “Дэлхийн монгол судлалын өдөр” бий болгох санаачилга дэвшүүлэн ажиллаж байгаагаа мэдээллээ.