ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ЧЕХ УЛСЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД ЗОЧЛОВ
2023-05-22
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Чех улсад хийсэн айлчлалынхаа хүрээнд 5 дугаар сарын 12-нд Үндэсний музейд зочилж, музейн захирал Михал Лукештэй уулзав.
Сайд Б.Батцэцэг хоёр орны харилцаанд соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэж, Чингис хааны музей, Франц улсын Нант хотын түүхийн музейд энэ онд гарах Их эзэн Чингис хаан ба Монголын эзэнт гүрний тухай үзэсгэлэнгийн тухай мэдээлэл өгч, музей хоорондын хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Үндэсний музейн захирал М.Лукеш Монгол Улсын Шинжлэх ухааны Академитай хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулахаар ажиллаж буйгаа мэдээлж, Монголын үлэг гүрвэлийн үзэсгэлэнг Чехэд, Чех улсаас мөн Монголд үзэсгэлэн гаргах зэргээр хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар ярилцав.
Чех улсын Үндэсний музей нь 1818 онд байгуулагдсан бөгөөд 20 сая гаруй үзмэртэй, 300 гаруй судлаач, мэргэжилтэн ажилладаг тус улсын хамгийн том музей юм.