Өргөдөл, гомдол гаргах тухай

2023-04-17


Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн талаар танилцуулж байна. Энэ хууль нь иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, түүнийг байгууллага, албан тушаалтнаас шийдвэрлэх үйл ажиллагааг зохицуулна.
 
Өргөдөл, гомдлыг монгол хэлээр бичгээр буюу амаар гаргаж болно. Өргөдөл, гомдлыг ЭСЯ-ны хаягаар эсвэл      ЭСЯ-ны [email protected] хаягаар ирүүлж болно.
 
Та амаар биечлэн өргөдөл, гомдол гаргах нөхцөлд хүлээн авч буй ЭСЯ-ны ажилтан тэмдэглэн авч, Таны гарын үсгийг зуруулна. Мөн амаар гаргасан өргөдөлд амаар хариу өгөх боломжтой. Харин шаардлагатай бол шалгаж тодруулан бичгээр хариу өгч болно.
 
Өргөдөл, гомдол гаргахад тавигдах шаардлага:
  • Бичгээр гаргасан өргөдөл, гомдолд овог, нэр оршин суугаа газрын буюу шуудангийн хаягаа бичиж, гарын үсгээ зурна.
  • Өргөдөл, гомдлыг иргэд бичгээр хамтран гаргасан бол түүнд бүгд гарын үсэг зурах буюу эсхүл тэдгээрийн төлөөлөгч гарын үсэг зурж, төлөөлөх эрхээ нотлох баримт бичгийг хавсаргана.
 
Өргөдөл, гомдол гаргах:
  • Иргэд өргөдөл, гомдлоо төрийн тухайн байгууллага, албан тушаалтан шийдвэрлэхээр хууль тогтоомжоор тогтоож, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргана.
  • Гомдлыг түүнд холбогдож байгаа байгууллага, албан тушаалтныг харьяалсан дээд шатны байгууллага, албан тушаалтанд, харьяалсан дээд шатны байгууллага, албан тушаалтан байхгүй бол тухайн захиргааны актыг гаргасан байгууллагад, эсхүл гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллагад хандан гаргана.
Иргэн Та өргөдөл, гомдол гаргахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг зөрчих, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироох, ялгаварлан гадуурхахыг уриалж болохгүй. Мөн дурдсан асуудал үнэн, зөв байх шаардлагатайг анхаарна уу. 
 
Өргөдөл, гомдол гаргахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэлтэй https://legalinfo.mn/mn/detail/294 холбоосоор орж авахыг хүсье.