Элчин сайдын мэндчилгээ

2025-02-06


 
МОНГОЛ, ЧЕХ УЛСУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ
75 ЖИЛ
 
Бүгд Найрамдах Чех Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамны цахим хуудсанд хандаж буй Таны амрыг эрэн мэндчилж байна.
 
Тус ЭСЯ нь Монгол, Чехийн найрсаг харилцааг бататгахЧех улсад аж төрж буй иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, ялангуяа хувийн хэвшлийн хооронд харилцаа холбоог бэхжүүлэх, улс орноо сурталчлах зэрэг асуудлыг чухалчилж, ач холбогдол өгч ажиллаж байна.
 
Монгол, Чех улсууд нь өнө эртний түүх, соёлоороо бахархдаг. Мөн бид ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн, адил үнэт зүйлстэй ардчилсан орнууд билээ.
 
2025 онд найрсаг дотно харилцаатай манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Манай хоёр орны урт хугацааны энэхүү харилцаа, итгэлцэл өндөр түвшинд хүрч, ард түмний хэлхээ холбоо бэхжиж, хамтын ажиллагаа улс төр, нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэг зэрэг олон салбарт өргөжин хөгжиж ирлээ. 
 
Монгол Улсад Чех улсын тусламж, хөрөнгө оруулалтаар бий болсон томоохон бүтээн байгуулалтууд байдаг бөгөөд эдүгээ хувийн хэвшлийнхэн Монголын түүхий эд, чехийн технологи, ноу-хауг ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ХАА, байгаль орчин, ашигт малтмалын хайгуул зэрэг салбар чиглэлээр хамтран ажиллах боломжтой.
 
Чех улстай тогтоосон хамтын ажиллагааны чухал хэсэг нь иргэд хоорондын харилцаа байдаг. Өнгөрсөн он жилүүдэд хуучин нэрээр Чехословак улсад, сүүлийн 30-аад жилд Чех, Словак улсуудад 20 мянга гаруй монгол хүн, монгол залуус ажиллаж, суралцаж, мэргэжил эзэмшсэн гэсэн тооцоо байдаг.
 
Өнөөдрийн байдлаар манай улсын 14000 орчим иргэн Чех улсад ажиллаж, амьдарч байна. Түүний дотор 4000 шахам хүүхэд байгаа нь хоёр улсын иргэдийн харилцаа улам бүр нэмэгдэхийн үүд гэж бодож байна. Иргэд хоорондын харилцаа бол хоёр орны ард түмний харилцан ойлголцол, итгэлцэл, соёлын түүчээ бөгөөд боловсрол, соёл, хүмүүнлэг зэрэг хамтын ажиллагааны бат бөх гүүр юм. 2024 оны хичээлийн жилээс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Илгээлт-2100 тэтгэлэгт хөтөлбөрийн шугамаар Чех улсын их, дээд сургуулиудад 29 оюутан суралцаж байна.   
 
Чех улсад аж төрж буй монголчууд маань зөвхөн үйлдвэрт ажиллаад зогсохгүй бизнес эрхлэх, суралцах зэргээр үйл ажиллагаагаа явуулж байна. Сүүлийн үеийн статистик мэдээгээр манай 400 орчим иргэн бизнес эрхэлж байна. ЭСЯ-наас иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, монгол иргэдийн үүсгэл санаачилгын байгууллага, холбоодын үйл ажиллагааг дэмжиххамтран ажиллахад анхаарал, хүч чармайлт тавин ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улс, БНЧУ-ын хоорондын Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ. Хэлэлцээр хэрэгжиж эхлэхийг олон монголчууд хүсэн хүлээж байсан бөгөөд ийнхүү үр шимийг нь хүртэх боломжтой болсонд баяртай байна. Ажлын гэрээгээр ирж буй хүмүүсийг ирэхийн өмнөх сургалтад хамруулж, Чех улсад ажиллаж амьдрах, дасан зохицохоос эхлүүлээд улс орны тухай мэдээллийг нэгдсэн байдлаар өгдөг болсон нь олон хүний талархлыг хүлээж байна. Мөн ЭСЯ-наас зохион байгуулдаг “Сэтгэлзүйн эрүүл мэнд ба стрессийг даван туулах нь” сэдэвт цуврал сургалтууд үр дүнгээ өгч байгаад баяртай байна.     
 
ЭСЯ-наас монголчуудтайгаа хамтран Прага хотноо болдог олон улсын үндэсний зоог, аялал жуулчлалын өдөрлөгт оролцож, улс орноо сурталчлах зэргээр нийтдээ 20 гаруй арга хэмжээг зохион байгуулав. Элчин сайд монголчуудын ажилладаг үйлдвэрүүдтэй танилцаж, орон нутгийн удирдлагуудтай уулзаж, иргэдийн ажлын нөхцөл байдал, хүүхдүүдийн сургууль, боловсролын талаар ярилцав.
 
Прага хотын Амьтны хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй тахь нутагшуулах төсөл амжилттай үргэлжилж, Нөмрөгийн дархан цаазат газрын ойролцоо шинэ нутгаа сонгоод байна. Мөн Чехийн Менделийн Их сургуулиар ахлуулсан дэлхийн 10-аад их, дээд сургуулиудын консорциум манай улсад ойн менежментийн төслийг хэрэгжүүлж байна. 
 
Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг Монголд зорчих жил болгон зарласантай холбогдуулан цаашид эх орноо сурталчлах арга хэмжээнүүдэд урьдын адиал идэвхтэй оролцохыг Чех дэх монголчууддаа уриалж байна.  Манай улсад аялах амрах чех болон словак хүмүүс 2028 он хүртэл 30 хоногийн хугацаанд визгүй зорчдог болсон.   
 
ЭСЯ-наас дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монголын түүх, соёл урлагийн томоохон арга хэмжээнүүдийг Чех улсад зохион байгуулахаар бэлтгэж байна. Тухайбал, алдарт “Рудольфинум”-ын “Дворжак” тайзнаа Монгол Улсын Морин хуурын найрал хөгжмийн тоглолтыг 2025 оны 3 дугаар сарын 12-нд зохион байгуулна. Энэ ялдамд эрхэм Таныг ЮНЕСКО-гийн соёлын өв Морин хуурын тоглолтыг ирж үзэхийг урьж байна.
 
Монгол Улсын Чингис хаан Үндэсний музейгаас  “Чингис Хаан” олон улсын үзэсгэлэнг  2025 оны 3 дугаар сараас 7 дугаар сарыг дуустал Чехийн Үндэсний музейд дэлгэн үзүүлнэ. Та бүхэн хамт ажилладаг чех найз нөхдөө урьж, уриалж Монголынхоо эдгээр шилдэг өвүүдийг танилцуулаарай.
 
Монголчууд маань идээшин суурьшсан энэ орныхоо ёс заншил, соёл уламжлалыг хүндэтгэж, хууль журмыг чандлан сахиж, “Усыг нь уувал ёсыг нь дагадаг” монгол сайхан ёсыг сэтгэлдээ тээж, улс орныхоо нэр төрийг өндөрт өргөж, аав, ээжийнхээ алтан сургаалыг эрхэмлэж яваа гэдэгт гүнээ итгэж байна.
 
Танд ЭСЯ-ны хамт олны өмнөөс болон хувиасаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг ерөөж, амжилт хүсч мэндчилсэн,
 
Элчин сайд Д.Гансүх
Прага хот, 2025 оны 2 дугаар сарын 7-ны өдөр