МОНГОЛ, СЛОВАКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА – 2024 ОНД

2025-01-30


МОНГОЛ, СЛОВАКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА – 2024 ОНД
 
Онцлох үйл явдлын тойм:
 
1. Элчин сайд Д.Гансүх 1 дүгээр сарын 19-нд Словакийн Кошицэ, Прешов, Банска Бистрика болон Жилинагийн тойрогт суугаа манай улсын Өргөмжит консул П.Славикийг хүлээн авч уулзаж, 2024 оны ажлын төлөвлөгөө тухайлбал, хоёр талын бизнес эрхлэгчид хамтран Монголд хэрэгжүүлэхээр ажиллаж буй төслүүд, Братиславын Эдийн засгийн Их сургуулийн Кошице хот дахь салбар сургууль болон Санхүү, эдийн засгийн Их сургууль хоорондын хамтын ажиллагаа, мөн Кошицегийн Техникийн Их сургуульд оюутан сургах боломжийг дэмжиж ажиллах, Словакт зохиогдох хотын олон улсын соёлын арга хэмжээнд хамтран оролцох талаар ярилцав. 
 
 
2. Элчин сайд Д.Гансүх 2 дугаар сарын 12-нд Словак улсын Ерөнхийлөгч хатагтай Зузана Чапутова шинэ оныг тохиолдуулан ДТГ-уудын Тэргүүн нарыг хүлээн авсан арга хэмжээнд оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Словак улсын Ерөнхийлөгч З.Чапутовад уламжлав.
 

3. Элчин сайд Д.Гансүх 2 дугаар сарын 13-нд Словакийн Гадаад болон Европын асуудал эрхэлсэн яамны Ази-Номхон далайн орнуудын газрын захирал П.Спишиактай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол, Словак хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах, Эдийн засгийн хамтарсан хорооны хуралдааныг зохион байгуулах зэрэг асуудлаар санал солилцож, ярилцав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2024 оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д Словак улсын цаначин П.Влховаг урьсан урилгыг гардуулав.
 
 
4. Мөн энэ өдөр Словак улсын Эдийн засгийн яамны Гадаад худалдааны бодлого болон Европын хэргийн асуудал эрхэлсэн захирал А.Крайчиковатай уулзаж, хоёр талын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол, Словакийн яамд хоорондын хэлэлцээрийн хүрээнд Хамтарсан хорооны хуралдааныг зохион байгуулах талаар ярилцав.
 
 
5. Элчин сайд Д.Гансүх 2 дугаар сарын 21-нд Словак улсын Үндэсний зөвлөл (Парламент)-ийн дарга Петер Пеллегринитэй Братислав хотноо уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, 2017 онд Шадар сайдаар ажиллаж байх үедээ Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр ярилцсан хамтын ажиллагааны асуудлуудын явцын талаар ярилцав. Мөн Элчин сайд Словакийн бизнес эрхлэгчид Словак-Монголын Худалдааны танхимыг санаачлан байгуулж, Монголд хэрэгжүүлэхээр ажиллаж буй хөдөө аж ахуй, дэд бүтцийн төслийг танилцуулав.
 
 
6. Элчин сайд Д.Гансүх Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улс, Словак улс хоорондын хэлэлцээрт Братислав хотноо гарын үсэг зурах бэлтгэлтэй холбогдуулан Словакийн Тээврийн яаманд 2 дугаар сарын 21-нд мөн уулзалт хийв. Энэ үеэр тус улсын Тээврийн сайд Йозеф Раж Элчин сайдыг хүлээн авав. 
 
 
7. Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улс, Словак улс хоорондын хэлэлцээрт Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Словак улсын Тээврийн Дэд сайд Д.Жилакова нар 3 дугаар сарын 8-нд Братислав хотноо гарын үсэг зурав.
 
 
 
8. Словак-Монголын худалдааны танхимын Ерөнхийлөгч Й.Чарногурский тэргүүтэй танхимын гишүүд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогттой уулзаж, Монголд хэрэгжүүлэхээр ажиллаж буй Логистикийн төвийн төслөө танилцуулав.
 
 
9. Элчин сайд Д.Гансүх Словак улсын Гадаад болон Европын хэргийн яамнаас 11 дүгээр сарын 14-нд “Хилэн хувьсгал”-ын 35 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан арга хэмжээнд оролцов. Энэ үеэр тус улсын Гадаад болон Европын хэрэг эрхэлсэн сайд Юрай Бланартай уулзаж, Монгол, Словакийн харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав.   
 
 
10. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2017-2022 онд Бүгд Найрамдах Словак Улсаас Монгол Улсад суусан Элчин сайд Душан Беллаг “Найрамдал” медалиар шагнасныг Элчин сайд Д.Гансүх 11 дүгээр сарын 13-нд Братислав хотноо гардуулав.
 
 
Элчин сайдын яам
2025 оны 1 дүгээр сар