Чех улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар төлөвлөж буй иргэдэд зориулсан мэдээлэл, зөвлөмж
2025-12-05
Монгол Улсын Гадаад харилцааны яамны Консулын газраас Чех улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар төлөвлөж буй иргэдэд зориулсан мэдээлэл, зөвлөмж гаргасныг үүгээр танилцуулж байна.
Чех Улсад хөдөлмөрийн гэрээгээр ирж ажиллаж буй манай улсын иргэдийн тоо нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ өндөр цалинтай хөдөлмөрийн гэрээ гаргахад зуучилна, найдвартай виз гаргана гэх зэргээр иргэдийн хүсэл сонирхлыг буруугаар ашиглах, өндөр хүлээлт үүсгэх, дутуу мэдээлэл өгөх, улмаар санхүү, эд материал, сэтгэл санаагаар хохироох явдал гарч байгаа тул хөдөлмөр эрхлэх зорилгоор тус улсад ирэхээр төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Нөгөөтэйгүүр ирж буй хүмүүс гэрээний нөхцөлтэйгээ сайтар танилцаагүй, ямар ажил хийхээ мэдээгүй, зөвхөн виз гарах эсэх тухайд гол анхаарлаа хандуулдаг нь ирсэн хойноо цочролд орох шалтгаан болдог.
Чех улсад хөдөлмөрийн гэрээгэээр ирэх сонирхолтой гадаадын иргэд /үүний дотор Монгол Улсын иргэд/ тус улсын хуулийн дагуу гадаадын иргэнийг авч ажиллуулах хүсэлтэй ажил олгогчтойгоо шууд холбогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулж, түүнийхээ дагуу зохих ангиллын визийг мэдүүлэх боломжтой боловч тус улсын хууль дүрмийг сайн мэдэхгүй, чех хэлний мэдлэггүй гэх мэт шалтгаанаар дундын зуучлагчаар дамжуулан санал хүсэлтээ тавьдаг. Дундын зуучлагчийн үйлчилгээг авах нь хууль бус үйлдэл биш боловч хэдийгээр сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, зөвшилцсөнч гэсэн иргэн Та тухайн зуучлагчтай хуулийн дагуу эрх, үүргийг заасан гэрээ, хэлцэл байгуулж, төлбөр, хураамж төлсөн тухайгаа баримтаар үйлдэж байх шаардлагатай болно. Зохих зөвшөөрөл, визийг авч Бүгд Найрамдах Чех Улсад ирсний дараа хөдөлмөрийн гэрээ байгуулсан компанидаа хамгийн багадаа 6 сарын хугацаанд ажиллах шаардлагатай бөгөөд энэ хугацаанд өөрийн хүсэлтээр ажлаас халагдах, ажил олгогчоо солих боломжгүйг сайтар анхаарна уу.
Мөн том оврын тээврийн хэрэгслийн жолоочоор ажиллах иргэдийн хувьд Европын Холбоо болон Бүгд Найрамдах Чех Улсын хууль, тогтоомжийн дагуу Чехийн жолоодох эрхийн үнэмлэх, мэргэшсэн жолоочийн үнэмлэх, тахограф цахим үнэмлэхүүдийн авсны дараа том оврын тээврийн хэрэгсэл жолоодох эрх үүсдэг. Бүгд Найрамдах Чех Улсад хөдөлмөр эрхлэх гуравдагч улсын иргэн /үүний дотор Монгол Улсын иргэд/ том оврын тээврийн хэрэгсэл жолоодох зайлшгүй шаардлагатай тахограф цахим үнэмлэхийг тус улсад хамгийн багадаа 185 хоног оршин суусны дараа мэдүүлэх эрхтэй болдог. Энэ нь том оврын тээврийн хэрэгслийн жолоочоор ажиллахаар ирж буй манай улсын иргэд тахограф цахим үнэмлэхийг автлаа хөдөлмөр эрхлэх боломжгүй гэсэн үг юм.
Иймд Бүгд Найрамдах Чех Улсад хөдөлмөр эрхлэхээр ирж буй иргэд Та бүхэн ажил олгогч байгууллага, компани, түүний үйл ажиллагааны талаар болон хөдөлмөрийн гэрээнийхээ зүйл заалттай сайтар танилцаж, зорьж ирж буй улсынхаа хууль, журам, нөхцөл байдлыг судалж, үүсч болох аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Цахим холбоос: https://www.consul.mn/news/c/251