МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАРИМТ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-02


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр харилцаа, хамтын ажиллагааны дараахь баримт бичгүүдийг байгуулж, гарын үсэг зурлаа. Үүнд:
 
  • “Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын Иж бүрэн түншлэлийн тухай хамтарсан тунхаглал”-д Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Гадаад хэргийн сайд Ян Липавский нар гарын үсэг зурлаа.
Хоёр улсын 75 жилийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг төрийн айлчлалын үеэр Иж бүрэн түншлэлд хүргэв. Чингэснээр Бүгд Найрамдах Чех Улс нь Монгол Улстай түншлэлийн харилцаа тогтоосон Европын Холбооны 3 дахь улс болов.
 
  • “Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-т Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Дотоод хэргийн дэд сайд Лукаш Хендрийх нар гарын үсэг зурлаа.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэгтнийг тогтоох, нийгмийн хэв журам, аюулгүй байдал зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, мэдээлэл харилцан солилцох зэргээр хамтран ажиллана.

  • “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсролын яам, Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яам хоорондын хэлэлцээр”-т Боловсролын сайд П.Наранбаяр, Боловсрол, залуучууд, биеийн тамирын дэд сайд Ярослав Миллер нар гарын үсэг зурлаа
Талууд багш, оюутан солилцох, боловсролын салбарын мэдлэг, мэдээлэл, туршлага хуваалцах болон хамтарсан төсөл, судалгаа хийх, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх зэргээр хамтран ажиллана.
 
  • “Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Чех Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Хөдөө аж ахуйн сайд Марек Выборны нар гарын үсэг зурлаа.
Хөдөө аж ахуйн дэвшилтэт техник, технологи, машин, тоног төхөөрөмжийн солилцоо, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдлыг хангах, газар тариалангийн чиглэлээр хамтран ажиллана.
 
  • “Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын Амьтны хүрээлэн хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Гансүх, Прага хотын Амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек нар гарын үсэг зурлаа.
Дэлхийд нэн ховордсон хавтгай тэмээг хамгаалах, тоо толгойг өгсөн үржүүлж, тогтвортой хадгалах, амьдрах орчны экосистемийн судалгааг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
 
  • “Биеийн тамир, спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Биеийн тамир, спортын улсын хороо болон Бүгд Найрамдах Чех Улсын Үндэсний спортын агентлаг хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Гансүх, Үндэсний спортын агентлагийн дарга Ондржей Шебек нар гарын үсэг зурлаа.
Спорт, бие тамирын чиглэлээр хамтран ажиллах, харилцан туршлага, мэдээлэл солилцох, хоёр улсын тэргүүлэх чиглэлийн болон мэргэжлийн спортыг хөгжүүлэх, биеийн тамирын сайн дурын үйл ажиллагааг дэмжих зэргээр хамтран ажиллана.