МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ПЕТР ФИАЛА БАРААЛХАВ
2025-05-02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхий сайд Петр Фиала 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр бараалхав.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс эх орондоо найрсаг дотноор хүлээн авч буйд Чех улсын Засгийн газарт талархал илэрхийлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бататган бэхжүүлэхийн чухлыг тэмдэглэв.
Энэ зорилгын үүднээс Монгол, Чехийн уламжлалт найрсаг харилцаа хамтын ажиллагааг улам батжуулж, “Иж бүрэн түншлэлийн тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын Хамтарсан тунхаглал”-ыг байгуулахаар болсныг тэмдэглэж, нэгэн үе Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын 2 дахь том түнш байсан Чех улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан, харилцан ашигтай хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв. Улмаар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүнсний аюулгүй байдал зэрэг дэлхий нийтэд тулгарч буй сорилтыг даван туулж, шийдвэрлэх нь бидний нийтлэг зорилт гэдгийг онцолж, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд чехийн дэвшилтэт техник технологи, ноу-хау, инновацийг нутагшуулж, хамтарсан үйлдвэр байгуулах боломжийн талаар санал солилцлоо.
Ерөнхий сайд П.Фиала худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны уламжлалаа сэргээж, геологи, уул уурхай, аюулгүй байдал, аж үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах нөөц боломжоо ашиглах хүсэл, эрмэлзэлтэй байгаагаа нотлов.
Европын Холбооны улсуудаас Чех улсад хамгийн олон монголчууд аж төрж байгаа бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх манай иргэдийн ажиллах, дасан зохицох, нийгмийн хамгаалалд хамрагдах, сурч боловсрох, гэр бүлээрээ хамтдаа амьдрах зэрэг боломжийг олгож байгаад Чех улсын Засгийн газарт талархал илэрхийлж, үргэлжлүүлэн дэмжихийг хүсэв.