МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МОНГОЛ, ЧЕХИЙН БИЗНЕС ФОРУМЫН НЭЭЛТЭД ОРОЛЦОВ

2025-05-02


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалыг үеэр 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Монгол-Чехийн бизнес эрхлэгчдийн форумыг зохион байгуулсан бөгөөд форумын нээлтийн үйл ажиллагаанд хоёр улсын төрийн тэргүүн нар оролцож, үг хэлэв.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, Монгол, Чехийн эдийн засгийн уламжлалт хамтын ажиллагааг өнөө цагт улам өргөжүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзэл дүүрэн байгаагаа дурдаж, Монгол Улс аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа бөгөөд бидний найдвартай түнш, өндөр аж үйлдвэржсэн чехийн бизнес эрхлэгчдийн мэдлэг, туршлага, дэвшилтэт техник технологи, инновац, хөрөнгө оруулалт Монгол Улсад онцгой чухал үүрэгтэйг цохон тэмдэглэв.
 
Харин Ерөнхийлөгч Петр Павел хэлсэн үгэндээ, Чехийн компаниуд Монгол Улсад зөвхөн бараа бүтээгдэхүүнээ экспортолж, борлуулахаас гадна Монгол Улсын эдийн засагт өнгөрсөн 75 жилийн түүхэнд бодитой, тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлж ирснийг онцлоод цаашид хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэр, барилга, усны менежмент, байгаль орчин, батлан ​​хамгаалах, тээвэр ложистик зэрэг салбаруудад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
 
Чехийн Гадаад хэргийн яамны төв байранд болсон тус форумд манай талаас 100 гаруй, чехийн талаас 70 гаруй гаруй бизнес эрхлэгчид оролцсон нь урьд өмнө болж байгаагүй хоёр улсын хоорондох хамгийн том бизнес форум боллоо. Форумын үеэр манай талын 7 аж ахуй нэгж, байгууллага шинэ бизнесийн түнштэй хамтын ажиллагааг эхлүүлсэн бол 3 аж ахуй нэгж, байгууллага нийт 6.3 сая ам.долларын дүнтэй хамтын ажиллагааны гэрээг байгуулав. Мөн МҮХАҮТ, Чехийн Худалдааны танхим хооронд үйл ажиллагааны төлөвлөгөө байгуулж, гарын үсэг зурлаа.
 
Манай хоёр улсын бизнес эрхлэгчдийн форум жил бүрийн намар Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж ирсэн уламжлалтай бөгөөд өнгөрөгч 2024 онд хоёр улсын худалдааны эргэлт 20 сая ам.долларт хүрсэн байна.