МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ “ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО
2025-05-02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел нарын ивээл дор зохион байгуулагдаж буй “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнгийн нээлтийн ёслол 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Чехийн Үндэсний музейд боллоо.
Арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, даян дэлхийд энх тайвныг тогтоож, “Монголын их амар амгалан”-г цогцлоосон Монголчууд бидний өвөг дээдсийн оюун санаа, үйл хэрэг, өв соёлтой танилцах боломжийг энэхүү үзэсгэлэн олгож байгааг онцлов тэмдэглэв.
Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд 250 гаруй зочин төлөөлөгч урилгаар оролцож, Чингис хаан үндэсний музейн дэргэдэх “Хаан найрал” чуулга Монгол хаадын ордны найрал хөгжимд ашиглагдаж байсан эртний хөгжмийн зэмсгээр урлагийн тоглолт үзүүлж, олны сонорыг мялаав. Хоёр улсын Төрийн тэргүүн нар музейн зарим хэсгийг үзэж, Чингис хаан үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Чехийн Үндэсний музейн Ерөнхий захирал Михал Лукеш нар тайлбарыг хийж сонирхуулав.
Мөн энэ үеэр Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл, Чехийн Үндэсний музейн Ерөнхий захирал Михал Лукеш нар “Үзэсгэлэн зохион байгуулах, уг үзэсгэлэнд үзмэр оролцуулах талаар хамтран ажиллах тухай гэрээ”-нд гарын үсэг зурлаа. Тус гэрээний дагуу талууд 2027 онд Прага хотноо үлэг гүрвэлийн хамтарсан үзэсгэлэн гаргах чиглэлээр хамтран ажиллах юм.
Анх 2023 онд Францын Нант хотын түүхийн музейд гарсан “Чингис хаан - Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнд тавигдаж байсан үзмэрүүдийг баяжуулан Чингис хаан үндэсний музей, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн 698 ширхэг үзмэр, эд өлгийн зүйлсийг дэлгэн толилуулж байгаа тус үзэсгэлэн энэ оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл олны хүртээл болох юм.
Чехийн Үндэсний музей нь анх 1818 онд байгуулагдсан бөгөөд 1891 оноос хойш одоогийн байрандаа үйл ажиллагаа явуулж байна. Тус музейг жилдээ 1 сая гаруй үзэгч үзэж сонирхдог бөгөөд Угсаатны зүйн музей, Хөгжмийн музей, Ази, Африк, Америкийн соёлын музей зэрэг харьяа салбар музейтэй Европын томоохон үндэсний музейнүүдийн нэг юм.