“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНТ МОРИН ХУУРЫН ЧУУЛГА БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСАД ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ

2025-05-02


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Морин хуурын чуулга “Монголын сайхан орон” тоглолтоо 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр тус улсын Ерөнхийлөгчийн ордны “Испани танхим”-д хийлээ.
 
Тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын дарга Милош Вийстрчил болон чехийн төр, засаг, нийгэм, соёлын өндөр албан тушаалтнууд, тус улсад оршин суугаа монгол иргэдийн төлөөлөл зэрэг 500 гаруй зочин төлөөлөгч урилгаар үзэж сонирхлоо.
 
Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгчийн ордны тайзнаа Морин хуурын найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ монгол үндэстний соёл, урлагийн оргил бүтээлүүдээс бүрдсэн нийт 17 уран бүтээлийг толилуулсан нь үзэгч олны талархлыг хүлээв.
 
Мөн 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Морин хуурын найрал хөгжим Чехийн Филармони – Рудолфинумд нээлттэй тоглолт зохион байгуулав. Тоглолтыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Бүгд Найрамдах Чех Улсын Соёлын дэд сайд Давид Кашпар тэргүүтэй монгол, чехийн 1000 орчим иргэд үзэж, сонирхлоо.