ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ “ИЛГЭЭЛТ 2100” ХӨТӨЛБӨРИЙН ШУГАМААР ЧЕХ УЛСАД СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУДТАЙ УУЛЗЛАА
2025-05-02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Илгээлт 2100” хөтөлбөрийн шугамаар Бүгд Найрамдах Чех Улсад суралцаж буй монгол оюутнуудтай 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр уулзлаа.
Тус хөтөлбөрийн шугамаар 8 оюутан Прага хотын Техникийн Их сургуульд барилгын инженер, компьютерын шинжлэх ухааны чиглэлээр сурч байгаа бол үлдсэн 21 оюутан нь Карлын Их сургуулийн Хэл, мэргэжлийн сургалтын төвд чех хэлний бэлтгэлд хамрагдаж байна. Эдгээр оюутнууд ирэх намраас чехийн их, дээд сургуулиудад нарийн мэргэжлээр суралцахаар бэлтгэж байна.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оюутан залуусын сэтгэгдлийг сонсч, монгол хүний оюуны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглаж, хичээл зүтгэлтэй амжилттай сайн суралцахыг захиж, сурлагын өндөр амжилт хүсэв. Мөн аж төрж буй улс орныхоо түүх, соёлоос суралцаж, хууль дүрмийг нь хүндэтгэн, монгол хүний нэр төрөө эрхэмлэж, эв нэгдэлтэй явахыг захилаа.
Манай оюутнууд инженер, техникийн мэргэжлээр түлхүү суралцаж байгааг Төрийн тэргүүн сайшааж, цаашид Монгол, Чехийн хамтын ажиллагааны гүүр, улс орныхоо хөгжлийг түүчээлж явах зорилгоо биелүүлэхийн төлөө хичээнгүйлэн суралцахыг даалгав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар 2021 оноос эхлэн хэрэгжүүлж буй “Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөр нь монгол хүний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилготой.
Одоогоор Чех улсын их, дээд сургуулиудад манай улсын 150 орчим оюутан суралцаж буй бөгөөд тэдний 29 нь “Илгээлт 2100” хөтөлбөрийн шугамаар суралцаж байна. Энэхүү уулзалтад мөн “Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан Герман улсад суралцаж байгаа 4 оюутан ирж оролцлоо.