МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД ЗОЧЛОВ

2025-05-02


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайдын яаманд зочлов. Энэ үеэр ЭСЯ-нд Эзэн Богд Чингис хааны иш хөргийг бэлэглэв.
 
Мөн Монгол Улсын Боловсролын яамнаас Бүгд Найрамдах Чех Улсад эцэг, эхийн хамт аж төрж буй монгол хүүхэд, залууст эх хэл, түүх, соёл, өв уламжлалыг өвлүүлэх сургалтыг үр дүнтэй, тогтмол зохион байгуулах үйл ажиллагаанд зориулж 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийн санхүүжилт олгох болсныг энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлж, батламжийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Гансүхэд гардуулж, холбогдох үйл ажиллагааг зохион байгуулахыг даалгав. Чех улсад манай улсын 14 мянга гаруй иргэн аж төрж байгаа бөгөөд тэдгээрийн 4 мянга орчим нь 18 хүртэлх насны хүүхдүүд байна.
 
Ерөнхийлөгчийн зарлигаар Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин дипломат цолоор шагнагдсан Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гансүх, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Мандахбилэг нарын цолны үнэмлэх, “мөнгөн гэрэгэ”-г гардуулж, баяр хүргэлээ.