МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЧЕХИЙН ЗАРИМ ИРГЭДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2025-05-02


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж буй чехийн зарим иргэдийг ЭСЯ-нд хүлээн авч уулзав. Монгол-Чехословакийн геологийн хамтарсан багийг ахлаж, Эрдэнэтийн зэсийн үндсэн ордыг илрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, өдгөө 98 настай ахмад геологич Моёмир Краутер болон Монголч судлаач, Элчин сайд асан Иржий Шима нарт хүндэтгэл үзүүлж, хүлээн авч уулзав.
 
 
Геологич М.Краутерын ахалж байсан Монгол-Чехословакийн геологийн хамтарсан баг Эрдэнэтийн зэсийн үндсэн ордыг илрүүлж, зураглалыг нь хийсэн түүхтэй. Энэ ордыг түшиглэн байгуулсан Эрдэнэт үйлдвэр өнөөг хүртэл Монгол Улсын хөгжил дэвшил, ард иргэдийн амьдралд чухал хувь нэмэр оруулж байгааг Ерөнхийлөгч хэлж, талархал илэрхийлэн санал, сэтгэгдлийг нь сонсож, гарын бэлгээ гардуулав. Ахмад геологич М.Краутер өөрт нь хүндэтгэл үзүүлж байгаад талархал илэрхийлж, Монгол Улсыг хоёрдох эх орноо хэмээн боддогоо ярьж, хамтарсан баг тухайн үед хэрхэн ажиллаж байсан тухай өөрийн дурсамжаа ярив.
 
Доктор И.Шима нь Монгол Улсад суралцсан чехословакийн анхны оюутан бөгөөд Монгол судлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм юм.