МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ПЕТР ПАВЕЛ НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЛЭЭ
2025-05-02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Прагийн шилтгээнд угтан авч, дагалдан яваа төлөөлөгчдийн хамт хоёр талын албан ёсны хэлэлцээ болон ганцаарчилсан уулзалт хийв.

Хэлэлцээний үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан нийтлэг зорилтын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлж, эдийн засгийн агуулгаар баяжуулах, харилцааны бэлгэ тэмдэг болохуйц харилцан ашигтай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, байгаль орчин, эрүүл мэнд, соёл, боловсрол, спорт, аялал жуулчлал, зам тээвэр, хүнс, хөдөө аж ахуй зэрэг салбарт идэвхтэй хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв. Ерөнхийлөгч Петр Павел “Монгол Улс газарзүйн хувьд Чех улсаас алс хол оршдог хэдий ч бидэнд харагдаж байгаагаасаа илүү олон нийтлэг зүйлс байдаг. Бид 75 жилийн хугацаанд маш сайн, нээлттэй дипломат харилцаа тогтоож чадсан бөгөөд энэ нь уул уурхай, эрчим хүч, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, хүнс, тээвэр, дэд бүтэц зэрэг олон салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх асар их боломжийг олгож байна” гэж онцлон тэмдэглэв.
Ийнхүү хамтын ажиллагааны олон жилийн туршлага, ололт амжилтдаа түшиглэн Монгол, Чехийн уламжлалт найрсаг харилцаа хамтын ажиллагааг иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэж ажиллахаар ярилцаж, дүнд нь “Иж бүрэн түншлэлийн тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын Хамтарсан тунхаглал”-ыг байгуулахаар боллоо. Ийнхүү Монгол Улсын хувьд Чех улс нь түншлэлийн харилцаа тогтоож буй Европын Холбооны 3 дахь улс болж байгаа юм.

Төрийн тэргүүн нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүнсний хомсдол зэрэг дэлхий дахинд тулгарч буй сорилтыг даван туулах болон бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар мөн ярилцав.
Монгол Улсын төрийн Тэргүүний айлчлал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж, талууд хамтын ажиллагаагаа иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэж ажиллахаар дээд түвшинд ярилцаж тохиролцсон нь чухал ач холбогдолтой болов.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелыг гэргийн хамт тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлан ирэхийг урив.