МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
2025-05-02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелын урилгаар тус улсад 2025 оны 3 дугаар сарын 9-12-ны өдрүүдэд төрийн айлчлал хийлээ. Энэ удаагийн төрийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд, Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Чех Улсад 10 жилийн дараа хийж буй айлчлал юм. Монголын талаас 1999 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2015 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Чехийн талаас 2006 онд Ерөнхийлөгч Вацлав Клаус, 2016 онд Ерөнхийлөгч Милош Земан /АСЕМ/ харилцан айлчилж байсан болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг 3 дугаар сарын 9-ний Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн сайд Ян Липавский цэргийн хүндэт харуулын хамт угтав.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелтай ганцаарчилсан болон албан ёсны хэлэлцээ хийсний зэрэгцээ Парламентын Сенатын танхимын дарга Милош Вийстрчил, Ерөнхий сайд Петр Фиала, Парламентын Төлөөлөгчдийн танхимын дэд дарга, хатагтай Олга Рихтерова нартай хоёр талын уулзалт хийлээ.

Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын нэгэн онцлох ач холбогдол нь хоёр улсын харилцааны түвшинг ахиулж, Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэсэн явдал бөгөөд айлчлалын хүрээнд талууд хооронд харилцаа, хамтын ажиллагааны 7 баримт бичгийг байгуулж, гарын үсэг зурлаа.
Төрийн айлчлалын хүрээнд зохион байгуулсан Монгол, Чехийн бизнес эрхлэгчдийн форумд манай талаас 100 гаруй, чехийн талаас 70 гаруй гаруй бизнес эрхлэгчид оролцсон нь урьд өмнө болж байгаагүй хоёр улсын хоорондох хамгийн том бизнес форум боллоо.

Хоёр улсын төрийн тэргүүн нарын ивээл дор Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг нээсэн бөгөөд Европын улсын үндэсний төв музейд дэлгэн толилуулж байгаа бүрэн хэмжээний үзэсгэлэн гэдгээрээ онцлог юм. Тус үзэсгэлэн энэ оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл олны хүртээл болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын хүрээнд “Чингис хаан” одонт Морин хуурын найрал хөгжим Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгчийн ордон - Прагийн шилтгээн болон Чехийн Филармонид “Монголын сайхан орон” тоглолтоо зохион байгуулав. Морин хуурын найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ Бүгд Найрамдах Чех Улсад анх удаа хийсэн энэхүү тоглолт нь тус найрал хөгжмийн гадаадын улсад хийсэн 100 тоглолт нь боллоо.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын Амьтны хүрээлэнд зочилж, тахийг эх нутагт нь эргэн нутагшуулах хөтөлбөр болон тус Амьтны хүрээлэнд өнгөрөгч 2024 онд нээгдсэн “Говь” үзвэрийн хэсэгтэй танилцав. Энэ үеэр тус Амьтны хүрээлэнд төрөөд 13 хонож байгаа тахийн унаганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дагина” гэж өгсөн бөгөөд тахийн удмын бүртгэлийн санд “Дагина” унагыг 7000 дахь тахиар бүртгэв.

Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа ЭСЯ-нд зочлох үеэрээ монгол хүүхэд, залууст эх хэл, түүх, соёл, өв уламжлалыг өвлүүлэх сургалтыг үр дүнтэй, тогтмол зохион байгуулах үйл ажиллагаанд зориулж 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийн санхүүжилт олгох тухай Монгол Улсын Боловсролын яамны батламжийг Элчин сайд Д.Гансүхэд гардуулж, үйл ажиллагааг зохион байгуулахыг даалгав.

Үүний зэрэгцээ “Илгээлт 2100” хөтөлбөрийн шугамаар Бүгд Найрамдах Чех Улсад суралцаж буй монгол оюутнуудтай уулзалт хийж, Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан монгол, чехийн зарим иргэдийг төрийн одон, медалиар шагнав.

Монгол, Чех хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал амжилттай хэрэгжлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн дэд сайд Ян Мариан болон хоёр талын албаны хүмүүс үдэн мордуулав.