Гадаад паспорт захиалах
2025-05-07
Гадаад паспорт захиалах
Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэн нь “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ын дагуу үндэсний энгийн гадаад паспортыг ЭСЯ-аар дамжуулан УБЕГ-аас захиалж авна. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан итгэмжлэлээр УБЕГ-аас захиалж авах боломжтой.
Гадаад паспортыг 16-аас дээш насны иргэнд 10 жилээр, 16-аас доош насны хүүхдэд 5 жилээр олгох бөгөөд 16-аас дээш насны иргэд иргэний үнэмлэх авсан байх шаардлагатай.
Гадаад паспортыг ЭСЯ-аар дамжуулан захиалахад өөрийн биеэр дараах баримт бичгүүдийг бүрдүүлж ирнэ. Үүнд:
-
16 нас хүрээгүй хүүхдийн хувьд төрсний гэрчилгээ болон эцэг, эхийн гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхний хуулбар, хүүхдийн цээж зураг цахим хэлбэрээр,
-
16-аас дээш насны иргэдийн хувьд хуучин гадаад паспортын хуулбар, цээж зураг цахим хэлбэрээр.
Гадаад паспортыг хаяж, үрэгдүүлсэн тохиолдолд үүнийг магадласан цагдаагийн байгууллагын тодорхойлолт шаардлагатай. Мөн хаяж, үрэгдүүлсэн гадаад паспортын хуулбар эсвэл иргэний үнэмлэхийг авчирна.
Шинэ гадаад паспорт захиалах төлбөр 50 ам. доллар бөгөөд түүнтэй тэмцэх хэмжээний чех кроныг ЭСЯ-нд шилжүүлнэ. Шилжүүлэх төлбөрийн дүн болон дансны мэдээллийг дараах холбоосоор орж харна уу. https://prague.embassy.mn/subcategory/773
Цээж зурганд тавигдах шаардлага:
Гадаад паспортын цээж зургийг угаалгасан биет хэлбэрээр хүлээн авахгүй бөгөөд зөвхөн цахим хэлбэрээр хүлээн авна. Иргэд цээж зургаа файл хэлбэрээр [email protected] эсвэл [email protected] цахим шуудангаар илгээх эсвэл өөрийн биеэр ирэхдээ зөөврийн флашанд буулган өгөх боломжтой.
-
Цээж зураг нь нүүрний хэсгийн 90 хувийг эзэлсэн байх,
-
Нүдний шил зүүгээгүй, малгай өмсөөгүй байх,
-
Цээж зургийн арын дэвсгэр цагаан өнгөтэй байх,
-
Зургийн хэмжээ нь чанартай 4.5х3.5 хэмжээтэй байх,
-
Дүр төрхийн өөрчлөлт орсон бол холбогдох нотлох баримтыг өгөх,
-
Цээж зургийг сүүлийн 1 сарын дотор авхуулсан байх зэрэг шаардлага тавигдана.
Шинэ гадаад паспорт ойролцоогоор 2 сарын дотор хэвлэлтээс ирэх бөгөөд ирсэн даруйд ЭСЯ-наас Танд мессежээр мэдэгдэх болно.
Иргэд Та бүхнийг өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ гадаад паспортын хүчинтэй хугацаа, бүрэн бүтэн байдлыг тогтмол нягтлан шалгаж байхыг хүсье.
Монгол Улсын Засгийн газраас баталсан “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-тай доорх холбоосоор нэвтэрч, танилцах боломжтой. https://legalinfo.mn/mn/detail?lawId=16758884451661&showType=1