images

Элчин сайд шагнал гардуулав

Үйл явдлын мэдээ

2023-01-12

277

Чех улсын Бланско хотод үйл ажиллагаа явуулдаг “Богд” компанийг үүсгэн байгуулагч Б.Жаргалсайхан, Ө.Тунгалаг нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одонгоор тус тус шагнасныг Элчин сайд Д.Гансүх 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр гардууллаа.
 
Б.Жаргалсайхан, Ө.Тунгалаг нар нь 1990 оноос эхлэн Чех улсад гэр бүлийн бизнес эрхэлж байгаа бөгөөд энэ хугацаанд олон зуун монгол хүнийг ажлын байртай болгох, үйлдвэрт ажиллаж байсан монголчуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цалинг нь нэмэгдүүлэхэд анхаарч, тусалж дэмжиж иржээ.
 
Мөн тэд оршин суугаа улсдаа эх орон, өв соёлоо сурталчлан таниулах чиглэлээр олон ажил, арга хэмжээг зохион байгуулснаас гадна шагайн наадгайг өвлүүлэн үлдээх, сурталчлан дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан байна.
 
Мөн Элчин сайд Монгол Улсын иргэн Э.Отгон-Эрдэнэд Нийгмийн хамгааллын салбарын Тэргүүний ажилтны үнэмлэх, тэмдгийг гардуулав.
 
Э.Отгон-Эрдэнэ нь НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Чех улс дахь Төлөөлөгчийн газартай хамтран ажилладаг бөгөөд ажлынхаа шугамаар Чех улсад хөдөлмөр эрхэлдэг монгол иргэдийг ОУШХБ-ын зүгээс үзүүлдэг нийгмийн тусламж, хөтөлбөрт хамруулах, мөн иргэдийг сайн дураараа эх орондоо буцах хөтөлбөрт хамруулахад гаргасан идэвх зүтгэлийг нь үнэлж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтнаар шагнажээ.
 
Элчин сайд шагналыг гардуулж, баяр хүргэж хэлсэн үгэндээ, элэг нэгт монголчуудынхаа сайн сайхны төлөө сэтгэл, зүтгэлээ зориулж, хамтдаа халуунд халж, хүйтэнд хөрж яваа та нартаа баярлалаа гэв.