images

2023 онд Монгол, Словакийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна

Үйл явдлын мэдээ

2023-01-05

324

Монгол Улс, Словак Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Словак Улсын Гадаад болон Европын асуудал эрхэлсэн сайд Р.Качер нар харилцан баяр хүргэж, захидал солилцов.  
 
Сайд нар захидалдаа, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа дурдаж, ард иргэд ойр дотно харилцаа холбоотой явж ирснийг сайшаан тэмдэглэж, цаашид хамтын ажиллагааг эдийн засаг, ялангуяа хөдөө аж ахуй болон боловсролын чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотлов.
 
Словакийн Засгийн газраас монгол мал, үхрийн удам, үржүүлгийг сайжруулах; сарлагийн сүүгээр бяслаг боловсруулах; Улаанбаатар хотод зам, гүүр барих; хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асран хамгаалах төвийг хөгжүүлэх зэрэг 2 сая орчим еврогийн төслүүдийг хэрэгжүүлсэн. Өнгөрсөн жил Словак, Монголын Худалдааны танхим байгуулагдсан бөгөөд хоёр талын бизнесийнхэн идэвхтэй хамтран ажиллаж байна.   
 
Манай хоёр улс 1993 оны 1 дүгээр сарын 1-нд дипломат харилцаа тогтоосон ч Монгол, Словакийн хамтын ажиллагаа хуучин Чехословак улсын үеэс эхлэлтэй бөгөөд манай улсын олон зуун оюутан залуус суралцаж, мэргэжилтэй ажилтнууд бэлтгэгдсэн түүхтэй.  
 
Прага дахь ЭСЯ
2023 оны 1 дүгээр сарын 5