ЭЛЧИН САЙД ЛИБОР МАЛЫТАЙ УУЛЗАВ
Элчин сайд Б.Болормаа 2026 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Чехийн бизнес эрхлэгч, буяны үйлстэн Либор Малытай уулзав.
Либор Малы нь Jobs.cz, Prace.cz хөдөлмөр эрхлэлтийн цахим порталуудыг хөгжүүлсэн LMC компанийг үүсгэн байгуулагч бөгөөд бизнесийн туршлага, нөөц боломжоо нийгмийн сайн сайхны төлөө зориулж буй эрхмүүдийн нэг юм. Тэрээр 2016 онд буяны үйл ажиллагааг үр өгөөжтэй, тогтвортой хэрэгжүүлэхэд хувь хүн, гэр бүл, байгууллагуудад зөвлөдөг “Via Clarita” санг хамтран байгуулжээ. Мөн бусдад хариу нэхэлгүй туслах, харилцан хуваалцах үзэл санаанд тулгуурласан Hearth.net цахим платформыг санаачилсан байна.
Буддын гүн ухааныг судалж, өдөр тутмын амьдрал, буяны үйл ажиллагаандаа энэрэн нигүүлсэх үзлийг эрхэмлэдэг тэрээр хүмүүнлэгийн болон нийгмийн сайн сайхны төлөөх санаачилгуудыг дэмжин ажилладаг.
Уулзалтаар талууд бизнес, буяны үйл ажиллагааны туршлага, нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийн талаар санал солилцож, Монгол, Чехийн соёл, хүмүүнлэгийн харилцааг өргөжүүлэх, Элчин сайдын яамнаас зохион байгуулах арга хэмжээнүүдэд хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.