images

ЭЛЧИН САЙД ЧЕХ - МОНГОЛЫН ПАРЛАМЕНТЫН НАЙРАМДЛЫН БҮЛГИЙН ДАРГАТАЙ УУЛЗАВ

Үйл явдлын мэдээ

2026-09-17

5

Элчин сайд Б.Болормаа Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Чех – Монголын Парламентын Найрамдлын бүлгийн дарга Петр Садовскийтай танилцах уулзалт хийв. Уулзалтад Чехийн ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын дэд захирал Патрик Румлар, Монгол Улсын Өргөмжит консул Павел Рейхрт, Финеп компанийн Монгол Улс дахь төлөөлөгч Мирослав Швейда нар байлцав.
 
Уулзалтаар талууд Монгол, Чехийн харилцаа, хамтын ажиллагаа тэр дундаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон бөгөөд Элчин сайд Б.Болормаа Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалт, бизнесийн орчны талаар мэдээлэл өглөө. Мөн энэ онд болон ирэх 2027 онд Чехийн Парламент, ГХЯ болон Өргөмжит консултай хамтран хэрэгжүүлэх боломжтой айлчлал, арга хэмжээний талаар ярилцлаа.
 
Монгол Улсын Өргөмжит консулын газар Храдец Кралове мужид байрладаг бөгөөд Парламентын Найрамдлын бүлгийн дарга П.Садовский нь Төлөөлөгчдийн танхимын гишүүний зэрэгцээ тус мужийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүнээр ажилладаг. Уулзалтын үеэр П.Садовский Элчин сайд Б.Болормааг Храдец Кралове мужид айлчлахыг урив. Элчин сайд урилгыг талархан хүлээн авч, хариуд нь тус мужийг Монгол Улсын аль нэг аймагтай түншлэлийн холбоо тогтоож, хамтын ажиллагаа эхлүүлэх санал тавилаа.
 
Чехийн барилгын Финеп компанийн хувьд Эрдэнэт хотод 2100 айлын орон сууц барих төслийг хэрэгжүүлж байгаагийн зэрэгцээ Улаанбаатар хотод 40 айлын “Чех вилладом” төслийг хэрэгжүүлж байна.