ХҮҮХДҮҮДЭЭ ЭХ ХЭЛЭЭ СУРАХ БОЛОМЖООР ХАНГАЯ
Эх хэл бол хүүхдийн үндэсний дархлаа, эх орон, өв соёлтойгоо холбогдох хамгийн бат бөх гүүр юм.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 130 дугаар тогтоолын хүрээнд Ерөнхий боловсролын сургалтын нэгдсэн цахим систем https://medle.mn ашиглалтад оруулаад байна.
“Medle.mn” нь Монгол Улсын ерөнхий боловсролын сургалтын албан ёсны цөм хөтөлбөрт нийцсэн, сурагч, багш, эцэг эхчүүдэд зориулсан нээлттэй цахим сургалтын систем юм. Тус системээр дамжуулан хүүхдүүд хаана амьдарч байгаагаас үл хамааран цахим хичээл үзэх, интерактив дасгал ажил хийх, бие даан суралцах боломжтой.
Гадаадад өсөж буй хүүхдийн эх хэлний боловсролд эцэг, эхийн оролцоо хамгийн чухал.
Хүүхэд монгол хэлээ эзэмшихэд сургууль, багшийн дэмжлэг чухал боловч гэр бүлийн өдөр тутмын орчин, эцэг эхийн тууштай оролцоог юу ч орлож чадахгүй.
Хүүхэдтэйгээ монгол хэлээр ярилцах, монгол ном уншуулах, бичиж сургах, Монголын түүх, соёл, уламжлалыг танин мэдүүлэхэд тогтмол цаг гаргах нь эх хэлээ мартахгүй, монгол хүн гэдгээрээ бахархах суурийг нь тавьж өгнө.
Иймд Бүгд Найрамдах Чех Улс болон Бүгд Найрамдах Словак Улсад ажиллаж, амьдарч буй монгол эцэг, эхчүүд, монгол хэл, соёлын багш, сурган хүмүүжүүлэгч Та бүхнийг “Medle.mn” сургалтын нэгдсэн системтэй танилцаж, хүүхдүүдийнхээ монгол хэлний боловсролд тогтмол ашиглахыг уриалж байна.
Эх хэлээ хүүхдэдээ өвлүүлэх нь зөвхөн багшийн бус, юуны өмнө эцэг эх бидний үүрэг, хариуцлага юм.
Хүүхдээ эх хэлтэй нь, эх оронтой нь, өв соёлтой нь холбоотой өсгөцгөөе.