images

ЧЕХИЙН “ОМНИПОЛ” ГРУППЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

Үйл явдлын мэдээ

2026-06-17

13

Элчин сайд Б.Болормаа 2026 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Чехийн батлан хамгаалах, аюулгүй байдал, иргэний нисэхийн салбарын техник, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Омнипол” группт зочилж, тус группын Ахлах зөвлөх Йозеф Пига, Худалдаа эрхэлсэн захирал Михал Ягрик нартай уулзав.
 
Уулзалтын үеэр “Омнипол” группын төлөөлөгчид компанийнхаа үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулж, Монгол Улстай иргэний болон батлан хамгаалах салбарын техник, технологийн нийлүүлэлт, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов. Мөн Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх онгоцны буудлын шинэчлэлтийн төсөлд оролцох боломжийн талаар ярилцлаа.
 
1934 онд байгуулагдсан “Омнипол” групп нь 4 мянга гаруй ажилтантай, дэлхийн 115 улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын нэр хүнд бүхий томоохон компани юм. Тус групп нь иргэний болон цэргийн нисэх онгоц, радарын систем, харилцаа холбооны тоног төхөөрөмж, хуягт тээврийн хэрэгсэл үйлдвэрлэхийн зэрэгцээ нисэх онгоцны буудлын шинэчлэл, бүтээн байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.