ТАХЬ ЭРГЭН НУТАГШУУЛАХ ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА
Элчин сайд Б.Болормаа 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Прага хотын Амьтны хүрээлэнгийн захирал Ленка Полиаковатай уулзаж, Монгол, Чехийн хамтын ажиллагааны хүрээнд нэн ховор ан амьтдыг хамгаалах, тоо толгойг нь өсгөн үржүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүдийн талаар санал солилцов.
Уулзалтын үеэр Элчин сайд Б.Болормаа Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын харилцаа, хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлдэг, бодит үр дүнд хүрч буй томоохон төслүүдийн нэг нь Прага хотын Амьтны хүрээлэнгээс санаачлан хэрэгжүүлж буй тахийг эх нутагт нь эргэн нутагшуулах төсөл болохыг онцлон тэмдэглэв.
Тэрээр мөн Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газрын Сүмийн хоолойд хэрэгжүүлэх тахийг сэргээн нутагшуулах төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжүүлэх тухай захирамж гарсныг мэдэгдэж, уг шийдвэр нь төслийн тогтвортой хэрэгжилтийг хангах, Монгол, Чехийн байгаль хамгааллын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв.
Захирал Л.Полиакова 2026 оны 5 дугаар сард Монгол Улсад ажилласан тухайгаа танилцуулж, холбогдох байгууллагууд, орон нутгийн төлөөлөлтэй хийсэн уулзалт, цаашид тахь нутагшуулах болон хавтгай тэмээг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын талаар мэдээлж, Амьтны хүрээлэн дэх тахийн хэсгийг Элчин сайдад үзүүлэв.

Прага хотын Амьтны хүрээлэн нь 2011 оноос эхлэн зэрлэг адууны сүүлчийн төрөл зүйл болох тахийг эх нутагт нь эргэн нутагшуулах төслийг хэрэгжүүлж, нийт 34 тахийг Монголд тээвэрлэн хүргэсэн бөгөөд энэ жил тус төслийн 15 жилийн ой тохиож байна. Эдүгээ Монгол Улсад нийт 800 орчим тахь нутагшин амьдарч байгаа нь олон улсын хамтын ажиллагааны хүрээнд, тэр дундаа Прагийн Амьтны хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлсэн сэргээн нутагшуулах төслийн бодит үр дүн юм.
Дэлхийн адууны өдөр болон Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Прага хотын Амьтны хүрээлэн 2026 оны 7 дугаар сарын 11-ний өдөр “Чех–Монголын найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэг” ТББ-тай хамтран Монголын соёлын өдөрлөг зохион байгуулах гэж байна. Иймд иргэд Та бүхнийг тус арга хэмжээнд өргөнөөр оролцохыг урьж байна.
