images

ЭЛЧИН САЙД Б.БОЛОРМАА МОНГОЛЧ ЭРДЭМТЭН, ДОКТОР ЙИРЖИ ШИМАТАЙ УУЛЗАВ

Үйл явдлын мэдээ

2026-06-11

14

Элчин сайд Б.Болормаа 2026 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Монголч эрдэмтэн, доктор Йиржи Шимаг хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтын үеэр Монгол, Чехийн харилцаа, хоёр улсын ард түмний найрамдал, хамтын ажиллагааны түүхэн уламжлалын талаар санал солилцож, цаашид хамтарсан ном, гэрэл зургийн цомог, дурсамж дурдатгалын бүтээл гаргах боломжийн талаар ярилцав.
Доктор Й.Шима нь 1964 онд Монгол Улсын Их сургуулийг төгссөн Чехословакийн анхны оюутан бөгөөд түүнээс хойш Монгол, Чехийн харилцаа, хамтын ажиллагаа, ялангуяа шинжлэх ухаан, дипломат харилцаа болон Чех Улс дахь Монгол судлалын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэрт эрдэмтэн юм.
 
Тэрээр 1991-1992 онд Чех, Словакийн Холбооны Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдаар ажилласан. Доктор Й.Шима Монголын Анд нөхдийн нийгэмлэг болон Ледце дэх Азийн бяцхан музейг үүсгэн байгуулсан билээ. Мөн олон жилийн турш Монгол–Чех хэлний албан ёсны орчуулагч, хэлмэрчээр ажиллаж байгаа бөгөөд түүний бичсэн Монгол–Чех, Чех–Монгол хэлний толь бичгүүд өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй, ховор бүтээлийн нэг хэвээр байна.
 
Өдгөө 83 настай Монголч эрдэмтэн, доктор Й.Шимад эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.