images

“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ОЮУТНУУДТАЙ УУЛЗАВ

Үйл явдлын мэдээ

2026-06-04

13

Элчин сайд Б.Болормаа 2026 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрөөр Бүгд Найрамдах Чех Улсад суралцаж буй оюутнуудыг ЭСЯ-нд хүлээн авч уулзлаа.
 
 
Уулзалтад Карлын Их сургуулийн Хэл, мэргэжлийн сургалтын төвийн чех хэлний бэлтгэл хөтөлбөрийг төгсөж буй оюутнууд болон Прага хотын Техникийн их сургуульд суралцаж буй оюутнууд оролцов. Элчин сайд оюутнуудтай чөлөөт ярилцлага өрнүүлж, монгол хоол ундаар дайлав.
 
Уулзалтын үеэр хэлний бэлтгэл анги төгсөж буй оюутнуудын их, дээд сургуульд элсэх үйл явц, визийн хугацаа сунгуулах, дотуур байрны бүртгэл зэрэг асуудлаар санал солилцож, холбогдох зөвлөгөө мэдээллийг өглөө. Мөн оюутнууд визийн сунгалттай холбоотой баримт бичгийн бүрдүүлэлт, сургалтын болон дотуур байрны төлбөр төлөлтийн хугацаа зэрэгт тулгарч буй зарим хүндрэл, асуудлын талаар танилцуулж, санал хүсэлтээ илэрхийлэв.
 
Элчин сайд Б.Болормаа оюутнуудын хөндсөн асуудал, хүсэлтийг холбогдох байгууллагуудад уламжилж, шийдвэрлүүлэх чиглэлээр ажиллахаа илэрхийлээд, цаашид сургалт, амьдрал ахуйтай холбоотой аливаа асуудлаар Элчин сайдын яамандаа чөлөөтэй хандаж байхыг зөвлөв.
 
2025–2026 оны хичээлийн жилд Карлын Их сургуулийн Хэл, мэргэжлийн сургалтын төвийн чех хэлний бэлтгэл хөтөлбөрийг Монголын 22 оюутан амжилттай төгсөж байна. Тэд ирэх хичээлийн жилээс Чехийн их, дээд сургуулиудад биоанагаах ухаан, онцгой байдал ба хүн амын хамгаалалт, математик, мэдээллийн технологи, барилгын инженер зэрэг тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр чех хэл дээр суралцах юм. Түүнчлэн Прага хотын Техникийн их сургуульд барилгын инженер болон цахилгааны инженер мэргэжлээр 6 оюутан 2 дугаар курсээ амжилттай төгсөөд байна.
 
Одоогийн байдлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрөөр Бүгд Найрамдах Чех Улсад нийт 46 оюутан суралцаж байна.