images

“ЭХИЙН АЛДАР” ОДОН ГАРДУУЛЛАА

Үйл явдлын мэдээ

2026-05-30

19

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 71 дүгээр зарлигаар “Эхийн алдар” одон хүртсэн Бүгд Найрамдах Чех Улсад оршин суугаа ээжүүдэд Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Болормаа 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр одонг нь гардуулан өглөө.
 
Энэ удаад Чех Улсад аж төрж буй 22 ээж “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор шагнуулснаас Д.Алдармөнх, М.Анхцэцэг, Г.Ариунжаргал, Э.Бадамцэцэг, Б.Бямба, Б.Ганчимэг, П.Долгормаа, Ж.Мөнхцэцэг, Г.Мөнгөнцэцэг, А.Наран, Д.Отгонтуяа, Б.Отгондалай, Г.Очмаа, Б.Ууганцэцэг, О.Хатантуул, Б.Цогзолмаа, Б.Цэлмэг, Г.Энхмаа нарын 18 ээж одонгоо гардан авлаа.
 
Одон гардуулах ёслолын үеэр Элчин сайд Б.Болормаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ээжүүдийн ач гавьяа, хөдөлмөр зүтгэлийн үр шимийг зөвхөн гэр бүл төдийгүй удам судар, ураг төрөл, үндэстнээрээ хүртдэг учраас Монгол төр эхчүүдээ алдаршуулдаг сайхан уламжлалтай болохыг онцлон тэмдэглэснийг уламжиллаа. Тэрээр алдарт эхчүүд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, удахгүй тохиох Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэв.
 
Мөн тэрээр гадаадад өсөж буй хүүхдүүддээ Монгол хэл, соёл, түүх, өв уламжлалаа өвлүүлэн сургах үйлсэд онцгой анхаарал хандуулахыг ээжүүдэд уриалж, эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг дэмжих чиглэлээр Элчин сайдын яам цаашид ч идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.
Өнөөдрийн байдлаар Бүгд Найрамдах Чех Улсад Монгол Улсын 15,171 иргэн оршин сууж байгаагаас 7,445 нь эмэгтэйчүүд, 4,200 гаруй нь 18 хүртэлх насны хүүхдүүд байна.
 
Монголын үрс маш олон болох болтугай.