ЭЛЧИН САЙД Б.БОЛОРМАА МОНГОЛЧ СУДЛААЧ, ДОКТОР В.КАПИШОВСКАТАЙ УУЛЗАВ
Элчин сайд Б.Болормаа Карлын их сургуулийн Азийн судлалын хүрээлэнгийн Монгол судлалын тэнхимийн багш, доктор В.Капишовскаг хүлээн авч уулзаж, Чех Улс дахь Монгол судлалын талаар болон 5 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Прага хотноо болох “Mongolian language in Contact” олон улсын хэл шинжлэлийн эрдэм шинжилгээний 3 дахь удаагийн бага хурлын асуудлаар ярилцав.
Уулзалтын үеэр Элчин сайд Б.Болормаа Монгол Улсын төр, засгийн зүгээс Монгол судлалыг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, санаачилгын талаар мэдээлэл өгч, энэ оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо болох Олон улсын Монголч эрдэмтдийн XIII их хуралд Чехийн монгол судлаачдыг өргөнөөр оролцохыг урьлаа. Мөн Элчин сайд Карлын их сургуулийн Монгол судлалын тэнхимийн үйл ажиллагааг боломжит бүхий л чиглэлээр дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Монголч судлаач, доктор В.Капишовска Карлын их сургуулийн Монгол судлалын тэнхимийн үйл ажиллагаа болон Чех дэх монгол судлаачдыг үргэлж дэмжин ажилладаг ЭСЯ-нд талархал илэрхийлж, ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр эрдэм шинжилгээний “Mongolica Pragencia” сэтгүүл болон Монголын орчин үеийн уран зохиолын тухай “Plav” сэтгүүлийн ээлжит дугаарыг эрхлэн гаргаснаа танилцуулав. Мөн энэ жилийн 6 дугаар сард дүрслэх, дуурайх үйл үгийн мультимедиа аппликейшн олон нийтэд үнэ төлбөргүй гаргах, 8 дугаар сард “Дэлхийд тархсан Монгол өв” 20 боть төслийн хүрээнд Чехийн музей, галерей, архив, номын санд хадгалагдаж байгаа Монголын түүх, соёлтой холбоотой өвийн талаарх “Чех дэх Монгол өв” номыг эрхлэн гаргахаар бэлтгэж байгаагаа мэдээлэв.
Карлын их сургуулийн Монгол судлалын тэнхим 1976 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй бөгөөд өдгөө бакалаврын түвшинд 11, магистрын түвшинд 1, докторын түвшинд 5 оюутан суралцаж байна.