images

ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЦУВРАЛ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

Үйл явдлын мэдээ

2026-05-29

55

Элчин сайд Б.Болормаа Брандис над Лабем хотын эмнэлгийн эмч Б.Хэрлэн, Карлын их сургуулийн Монгол судлалын оюутан Б.Сэлэнгэ нарыг 5 дугаар сарын 28-ны өдөр ЭСЯ-нд хүлээн авч уулзаж, монгол иргэдэд зориулсан эрүүл мэнд, боловсрол, соёлын чиглэлийн сургалт, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах боломжийн талаар санал солилцов. ЭСЯ-наас Чех Улсад оршин суугаа монгол иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор энэ оны 3 дугаар сард эмч Б.Хэрлэн, Мотол эмнэлгийн эмч Д.Сэлэнгэ нартай хамтран анхны тусламж үзүүлэх практик сургалтыг ЭСЯ-нд амжилттай зохион байгуулсан билээ.
 
Б.Хэрлэн, Б.Сэлэнгэ нар өөрсдийн санаачлан хэрэгжүүлж буй “MonStep” төслийн хүрээнд “Хамтдаа алхам алхмаар” уриан дор Чех Улсад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурласан сургалт арга хэмжээ зохион байгуулах зорилгоо танилцуулав.
 
Элчин сайд Б.Болормаа ЭСЯ-наас иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, стрессээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөгөө хүргэх чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй сургалт, арга хэмжээг “MonStep” төслийн үйл ажиллагаатай уялдуулан хамтран зохион байгуулах нь үр өгөөжийг нэмэгдүүлж, иргэдэд илүү хүртээмжтэй, бодит ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв.
 
ЭСЯ-наас “MonStep” төсөлтэй хамтран “Орчуулга ба хэлмэрчийн үйлчилгээ” сэдэвт сургалтыг 2026 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ЭСЯ-нд зохион байгуулж, орчуулгын ач холбогдол, хэлмэрчийн үйлчилгээний хэрэгцээ шаардлага, хэлмэрчийн үүрэг, мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хариуцлагын талаар мэдээлэл хүргэх юм.