ЭЛЧИН САЙД ҮНДЭСНИЙ БӨХИЙН “ШИРМЭЛ ЗОДОГТОН” ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ
Элчин сайд Б.Болормаа Чех Улс дахь үндэсний бөхийн “Ширмэл зодогтон” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн аймгийн харцага Ж.Билэгт, аймгийн начин Ө.Тулга, Улсын цоллооч, засуул Р.Банзар нарыг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Удирдах зөвлөлийн гишүүд холбооныхоо үйл ажиллагааг Элчин сайдад танилцуулж, Чех Улсад үндэсний бөхийг сурталчлан таниулах, хүүхэд залууст зааж сургах, холбооны үйл ажиллагааг өргөжүүлэх, дэвжээ, клуб байгуулах, үндэсний бөхийн барилдааныг тогтмолжуулах, бөхчүүдэд цол олгох зэрэг асуудлаар санал солилцлоо. Элчин сайд Б.Болормаа Монгол өв соёл, түүний дотор үндэсний бөхийг сурталчлах, түгээх үйлсэд өөрсдийн хувь нэмрийг оруулж байгаа Чех дэх Монгол үндэсний бөхчүүд болон “Ширмэл зодогтон” холбоонд талархал илэрхийлж, цаашид ЭСЯ-наас бүхий л талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв.
Үндэсний бөхийн “Ширмэл зодогтон” ТББ-аас Плзен хот дахь Монголчуудын холбоо, иргэдийн төлөөлөлтэй хамтран 7 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулах үндэсний баяр наадамд ЭСЯ-ыг оролцохыг урьлаа. Элчин сайд Б.Болормаа Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан ЭСЯ-наас эрхлэн гаргасан “Монгол, Чехийн хамтын ажиллагааны 75 жил: Иж бүрэн түншлэлд хүрсэн замнал” номыг Удирдах зөвлөлийн гишүүдэд дурсгав.
Европ дахь үндэсний бөхийн хамгийн олон бөхчүүд Чех Улсад ажиллаж, амьдарч байгаа бөгөөд ЭСЯ-наас үндэсний бөхийн “Ширмэл зодогтон” ТББ-тай хамтран цагаан сар, Улс тунхагласны өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулж ирсэн билээ.