images

ИРГЭДЭД ЧИГЛЭСЭН МЭДЭЭЛЭЛ, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛНА

Үйл явдлын мэдээ

2026-05-27

90

Элчин сайд Б.Болормаа Чех Улс дахь “Хос багана” ТББ-ын тэргүүн Т.Мөнх-Эрдэнийг 5 дугаар сарын 27-ны өдөр ЭСЯ-нд хүлээн авч уулзан, Чех Улсад оршин суугаа Монгол иргэдэд чиглэсэн мэдээлэл, сургалт, нөлөөллийн арга хэмжээг хамтран зохион байгуулах асуудлаар санал солилцов.
 
Уулзалтын үеэр Элчин сайд Б.Болормаа Чех Улсад ажиллаж, амьдарч буй Монгол иргэд, тэдний гэр бүлд зориулсан эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, зөв дадал хэвшил бий болгох, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, стресс, сэтгэл гутралыг даван туулах, гэр бүлийн эрүүл харилцаа, эрүүл мэндийн боловсролын чиглэлээр цогц мэдээлэл, зөвлөгөө өгөх сургалт, арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх санал дэвшүүлэв. Мөн эдгээр мэдээлэл, зөвлөгөөг хүүхэд, залуучуудад хүртээмжтэй, үр нөлөөтэй хүргэхэд цахим платформ, сошиал сувгийг илүү үр ашигтай ашиглах талаар санал солилцов.
 
“Хос багана” ТББ-ын тэргүүн Т.Мөнх-Эрдэнэ ЭСЯ-наас санаачлан хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдэд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааны талаар өөрийн санал бодлоо хуваалцлаа.
 
ЭСЯ-наас “Хос багана” ТББ-тай хамтран 2024–2025 онд Монгол иргэд олноор оршин суудаг Чех Улсын 9 хотод стресс, сэтгэл гутралын үед илрэх шинж тэмдэг, тэдгээрийг даван туулах арга замын талаар сургалт, ярилцлага зохион байгуулсан юм.