images

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Үйл явдлын мэдээ

2026-05-22

94

Высочина мужийн Цагдаагийн газраас тус мужид оршин суугаа Монгол Улсын 8 иргэнийг хуурамч баримт бичиг бүрдүүлэн Бүгд Найрамдах Чех Улсын жолооны үнэмлэх авсан байж болзошгүй хэрэгт шалгаж байгаа талаар Элчин сайдын яаманд мэдээллээ.
 
Элчин сайдын яамнаас холбогдох байгууллагуудтай хамтран олон жилийн турш хүчин чармайлт гарган идэвхтэй ажилласны үр дүнд 2024 оноос эхлэн Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг Чех Улсын жолооны үнэмлэхээр солиулах боломж бүрдсэн. Энэ нь Европын Холбооны Чех, Бельги, Унгар зэрэг цөөн улсаас Монгол Улсын иргэдэд олгож буй таатай боломж юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд манай улсын 2 мянга орчим иргэн Чех Улсын жолооны үнэмлэх аваад байна.
 
Гэвч тээврийн хэрэгсэл жолоодохтой холбоотой хууль, дүрэм зөрчих, хуурамч бичиг баримт ашиглах зэрэг ноцтой зөрчил цөөнгүй гарсаар байгаа тул суугаа улсын хууль тогтоомжийг чанд мөрдөж, хүндэтгэн сахин биелүүлэхийг нийт иргэддээ анхааруулж байна.
 
Том оврын тээврийн хэрэгслийн жолоочоор ажиллах иргэд нь Европын Холбоо болон Бүгд Найрамдах Чех Улсын хууль тогтоомжийн дагуу Чех Улсын жолооны үнэмлэх, мэргэшсэн жолоочийн үнэмлэх, тахографын цахим үнэмлэх зэрэг шаардлагатай зөвшөөрөл, баримт бичгийг хууль ёсны журмаар авсны үндсэн дээр том оврын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болдог. Эдгээр зөвшөөрөл, үнэмлэхийг зуучлагч этгээдээр дамжуулан эсхүл мөнгө төлж хууль бусаар авах боломжгүй бөгөөд ийм үйлдэл нь эрүүгийн хуулийн ноцтой зөрчилд тооцогдохыг онцгойлон анхааруулж байна.
 
Дээрх хэрэгтэй холбоотой шалгалтын ажиллагааг Чехийн Цагдаагийн байгууллага бусад мужид үргэлжлүүлэн явуулахаар төлөвлөж байна. Ийм төрлийн хууль бус үйлдэл болон замын хөдөлгөөний зөрчил тасралтгүй гарч байгаа нь Чех Улсад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн төдийгүй Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна.
 
Иймд энэхүү сэрэмжлүүлэг, мэдээллийг түгээж, хууль журам зөрчихөөс урьдчилан сэргийлэх, хууль бус аливаа үйлдлийн эсрэг бие биедээ зарчимч шаардлага тавих, суугаа улсынхаа хууль журмыг чанд мөрдөх, улмаар Монгол эх орныхоо нэр төрийг сэвтээхгүй байхыг НИЙТ ИРГЭДДЭЭ УРИАЛЖ байна.