Элчин сайд Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав
Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батсайханы Болормаа 2026 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн яамны Дипломат ёслолын газрын захирал Маркета Шарбаховад Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав.
Уулзалтын үеэр Элчин сайд Б.Болормаа Чех Улсад найрсаг дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлээд, Монгол, Чехийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжин бэхжиж байгааг онцлон тэмдэглэв. Тэрбээр цаашид худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл зэрэг бүхий л боломжит салбарт хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.
Дипломат ёслолын газрын захирал М.Шарбахова Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барих ёслолын ажиллагааны талаар Элчин сайдад дэлгэрэнгүй танилцуулж, дипломат албанд нь өндөр амжилт хүсэн ерөөв.