images

МОНГОЛ УЛСЫН ӨРГӨМЖИТ КОНСУЛЫН ГАЗРЫГ БРАТИСЛАВТ НЭЭВ

Үйл явдлын мэдээ

2026-04-24

1540

Словак улсын Гадаад хэрэг, Европын асуудал эрхэлсэн яамнаас 4 дүгээр сарын 21-нд шинээр томилогдсон Өргөмжит консул Р.Энхтуяад экзекватурыг нь гардуулан өгснөөр Словак улсын Братислав, Нитра, Трнава болон Тренчин тойрогт шинээр байгуулж буй Монгол Улсын Өргөмжит консулын газар албан ёсоор нээгдэв.
 
Элчин сайд Д.Гансүх тэргүүтэй ЭСЯ-ны төлөөлөгчид энэ сарын 22-нд болсон ӨКГ-ын нээлтэд оролцож, Өргөмжит консул Р.Энхтуяатай уулзаж, Монгол Улсын Гадаад харилцааны сайдын баталсан Өргөмжит консулын мөрдөх журмыг танилцуулж, Словак улсад аж төрж буй иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийн хооронд хэлхээ холбоо тогтооход дэмжлэг үзүүлэх, соёлын харилцааг өргөжүүлэх, улс орноо сурталчлахтай холбоотой асуудлаар ярилцаж, заавар зөвлөмж өгөв.
 
Өргөмжит консулаар томилогдсон манай иргэн Р.Энхтуяа нь Словакийн Техникийн Их сургуульд суралцаж төгссөн, тус улсын ДХЯ-ны албан ёсны эрхтэй словак-монгол хэлний хэлмэрч, орчуулагчаар ажилладаг, ажлын арвин туршлагатай хүн юм. 
 
Мөн Словак улсын зүүн бүсийн тойрогт суугаа Өргөмжит консул П.Славиктай уулзаж, түүний ажиллах хугацааг сунгахаар шийдвэрлэснийг мэдэгдэхийн зэрэгцээ ирэх жилүүдэд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар заавар чиглэл өгөн Хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулахаар тогтов.