ЭЛЧИН САЙД СЛОВАКИЙН ГАДААД БОЛОН ЕВРОПЫН ХЭРГИЙН ЯАМНЫ ТЭРГҮҮН ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ
Элчин сайд Д.Гансүх 4 дүгээр сарын 23-нд Словак улсын Гадаад болон Европын хэргийн яамны Улс төрийн газруудыг хариуцсан Тэргүүн захирал М.Качотай уулзаж, Монгол, Словакийн улс төр, эдийн засгийн харилцааны өнөөгийн байдал болон НҮБ болон олон улсын байгууллагууд дахь хамтын ажиллагааны талаар ярилцав.
Ноён М.Качо хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж ирсэнд Элчин сайд Д.Гансүхэд талархал илэрхийлээд цаашдын ажил, үйлсэд нь амжилт хүсэв.
Элчин сайдын зүгээс Монгол Улс Европын Холбооны гишүүн, уламжлалт түнш Словак улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, ялангуяа улс төрийн болон эдийн засаг худалдааны уулзалтуудыг идэвхжүүлэхийн төлөө байгааг онцолж, айлын тал Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөртөө жил бүр монголын 2 оюутныг суралцуулах квотыг сэргээснийг тэмдэглэж, Словак-Монголын худалдааны танхимаас Монгол хэрэгжүүлэх жижиг дунд төслүүдийг дэмжиж ажиллахыг хүсч, Элчин сайдын үүргээ амжилттай гүйцэтгэхэд бүх талаар дэмжиж ажилласанд талархал илэрхийлэв.