ЭЛЧИН САЙД ПРАГА ХОТЫН АМЬТНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ
Элчин сайд Д.Гансүх Прага хотын Амьтны хүрээлэнгийн захирал хатагтай Ленка Полиаковатай 4 дүгээр сарын 10-ны өдөр уулзаж, үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, манай хоёр улсын хамтын ажиллагаа, түүний дотор тахийг эх нутагт нь нутагшуулах төслийн талаар ярилцав.
Захирал Л.Полиакова ирэх 5 дугаар сард манай улсад айлчилж, Нөмрөгийн дархан цаазат газрын Сүмийн хоолойд хэрэгжүүлж буй тахь нутагшуулах төслийн судалгааны ажилтай танилцахаар төлөвлөж байгаагаа мэдээлж, төслийг хэрэгжүүлэхэд Монголын төр, засаг, ард иргэд дэмжиж ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Энэхүү төсөл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжиж байна. Уулзалтаар тахь нутагшуулах төслөөс гадна хоёр талын хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд нэн ховордсон хавтгай, бөхөнг хамгаалах, тоо толгойг нь үржүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй судалгааны ажлынхаа талаар танилцуулав. Элчин сайд Д.Гансүх тоо толгой нь нэн ховордоод буй мазаалай баавгайг хамгаалах, энэхүү асуудалд олон улсын судлаачдын анхаарлыг хандуулах зорилгоор олон улсын симпозиум зохион байгуулах асуудлыг хөндөж ярилцав.
Прага хотын Амьтны хүрээлэнгийн анхны эмэгтэй захирал Л.Полиакова нь энэ оны 3 дугаар сараас албан ажилдаа ороод байгаа бөгөөд 2011-2013 онд тус Амьтны хүрээлэнд ажиллаж байхдаа тахийг эх нутагт нь нутагшуулах хөтөлбөрийг эхлүүлж, хэрэгжүүлэхэд гар бие оролцож байсан туршлагатай хүн юм.
Дэлхийн шилдэг 10 Амьтны хүрээлэнгийн тоонд жил бүр багтдаг тус Прагийн Амьтны хүрээлэнгээр 2025 онд 1,449,177 хүн зочилжээ.