АНХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Чех улсад ажиллаж, амьдарч буй монгол эмч Д.Сэлэнгэ, Б.Хэрлэн нарын санаачилгаар энэ сарын 21-ний өдөр ЭСЯ-нд яаралтай үед анхны тусламж үзүүлэхтэй холбоотой практик сургалт зохион байгуулав.

Бидний эргэн тойронд учирч болзошгүй ухаан алдах, амьсгал боогдох, татах, түлэгдэх тохиолдолд эмнэлгийн түргэн тусламж иртэл ямар арга хэмжээ авах, тохиолдлыг хэрхэн хурдан таних, улмаар цаг алдалгүй хэрхэн туслах талаарх мэдээлэл, ойлголтыг өгч, оролцсон хүмүүс практик дадлага хийв.

Сургалтаар яаралтай үед хором бүр чухал байдгийг сануулж, ихэнх хүмүүс тусламж үзүүлэхийг хүсээгүйдээ биш тухайн мөчид юу хийхээ мэдэхгүй, эргэлзэх, эсвэл айдсаас болж цаг алддаг гэдгийг сайтар тайлбарлав. Тиймээс ийм үед сандарч мэгдэхгүй, өөртөө итгэлтэй байх ёстой юм байна. Амь насанд аюултай байдлыг хурдан таних, анхны тусламжийн үндсэн дэс дарааллыг зааж ойлгуулав. Тухайлбал, ухаан алдсан, зүрх зогссоны аль нь болохыг амьсгалаар шалгах, улмаар түргэн тусламжийг зөв дуудах, зүрхний шахалт (CPR)-ын үндсэн зарчмыг мөн заав.
"Бие биедээ туслах чадвартай болцгооё" гэсэн уриа зорилготой энэхүү сургалтад оролцсон хүмүүст сурсан мэдсэн зүйлсээ бие биедээ зөвлөж, түгээж байхыг зөвлөв.
Чех улсад аж төрж буй иргэдийн дунд анхны тусламж үзүүлэх талаар сургалт зохион байгуулсан Эрчимт эмчилгээний эмч Д.Сэлэнгэ, Ерөнхий бөгөөд дотрын эмч Б.Хэрлэн болон хүрэлцэн ирж оролцсон иргэддээ талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

