ЭЛЧИН САЙД ЧЕХ УЛСЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ
Элчин сайд Д.Гансүх Чех улсын Үндэсний музейн захирал, доктор Михал Лукештэй 2026 оны 2 дугаар сарын 10-нд уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Доктор М.Лукеш Монгол Улсын Чингис хаан Үндэсний музей болон Чехийн Үндэсний музей хамтран 2025 оны 3 дугаар сараас 3 сарын хугацаатай гаргасан “Чингис Хаан” олон улсын үзэсгэлэнг 80-аад мянган хүн үзэж сонирхсон нь өндөр үзүүлэлт болохыг онцолж, Чехийн Үндэсний музейгээс Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Археологийн хүрээлэнтэй хамтран 2027-2028 онд Прага хотноо гаргах Монголын үлэг гүрвэлийн үзэсгэлэнгийн бэлтгэл ажил хэвийн явж байгааг тэмдэглэв.
Элчин сайд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан Чехийн Үндэсний музейн удирдлага, хамт олонд баяр хүргэж, ирэх онд гаргахаар ажиллаж буй үзэсгэлэнгийн бэлтгэлийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 онд Чех улсад хийсэн төрийн айлчлалын үеэр манай Шинжлэх ухааны Академи болон Чехийн Үндэсний музей энэхүү үзэсгэлэнг хамтран зохион байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурсан юм.