ЗАРИМ ИРГЭНД ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛАВ
Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой, Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан Чех улсад аж төрж буй зарим иргэнд төрийн дээд одон, медаль гардуулах ёслолыг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ЭСЯ-нд зохион байгуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын урлагийн “Дүнжингарав” хамтлагийн ахлагч, морин хуурч Бадамын Нандинболор, мөн хамтлагийн хөгжимчин Чимэддоржийн Нарангэрэл, БНЧУ дахь “Ширмэл зодогтон” бөхийн холбооны УЗ-ийн гишүүн, Үндэсний бөхийн аймгийн начин Өлзийбаатарын Тулга, Бүгд Найрамдах Чех Улсын Карлын Их сургуулийн нэрэмжит Прага хотын Мотол төв эмнэлгийн эмч Дамдинрагчаагийн Сэлэнгэ нарыг Алтан гадас одонгоор, Барилгын инженер, архитектор Вандансангийн Алтанцэцэг, Хөдөлмөрийн тэргүүний ажилтан, спортын “Уухай” клубыг үүсгэн байгуулагч Даваагийн Ганхөлөг, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Бандийн Мөнхтулга, “Umart” дэлгүүрийг үүсгэн байгуулагч, захирал Алтангэрэлийн Уранчимэг, спортын “Хөх Монгол” клубыг үүсгэн байгуулагч Самданжамцын Мөнхбаатар, “Монгол, Чех Залуусын ирээдүй, хөгжил” ТББ-ын тэргүүн Оюунгэрэлийн Баярбаатар нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар, мөн “Дүнжингарав” хамтлагийн гишүүн, уран нугараач Дөнгийн Амаржаргалыг ССАЖЗЯ-ны Сайдын тушаалаар Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр тус тус шагнасныг Элчин сайд Д.Гансүх гардуулж өгч, баяр хүргэлээ.
Элчин сайд шагнуулж буй иргэд маань өөрсдийн авьяас чадвар, эзэмшсэн мэргэжлээ хөгжүүлж, үндэсний урлаг, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, улс орноо сурталчлах, бусдад үлгэр дуурайл үзүүлэх, манлайлах, дэмжих зэргээр сайн үйлс бүтээж байгааг сайшаан ийнхүү төрийн одон, медаль хүртээснийг тэмдэглэж, амжилт хүсэв.











