images

ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ, ЕРӨНХИЙ САЙД П.ФИАЛА НАР УУЛЗАВ

Үйл явдлын мэдээ

2022-12-01

294

Египет улсын Шарм Эль-Шейх хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхий сайд Петр Фиала нар уулзав. Хоёр улсын төр, засгийн Тэргүүн нар Монгол, Чехийн харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, боловсрол, байгаль орчин зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа “Ойн түншлэлийн тухай Монгол Улс болон Европын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичиг”-ийн хүрээнд ойн менежментийн салбарт идэвхтэй хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Европын Холбооны Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен нар 10 дугаар сарын 8-нд дээрх Санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд энэхүү баримт бичгийн гол зорилго нь ойн тогтвортой менежментийн үндсэн алхмууд болох ой модыг нөхөн сэргээх, зохистой ашиглалт, хамгаалалтыг дэмжих, ойг түшиглэсэн эдийн засгийн салбар, орлогын эх үүсвэр бий болгоход чиглэж байгаа аж. Мөн Санамж бичгийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, өөрчлөлтийг сааруулах чиглэлээр ойн нөөцийг урт хугацаанд тогтвортой ашиглахад дэмжлэг үзүүлэх тогтолцоог шинэчлэн боловсруулж, сайн засаглал, тогтвортой менежментийг дэмжих юм.
 
Монгол орны ойн судалгаа, менежментийг сайжруулахад чехийн судлаачид, эрдэмтэд идэвхтэй оролцож байна. Монголд ойн чиглэлээр ажиллаж ирсэн туршлагад үндэслэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Европын Холбооны “Ойн түншлэл” хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх боломж ийнхүү нээгдэж байна.
 
Чех улсын Хөгжлийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол сумдад хэрэгжүүлсэн “Монгол орны ойн болон орон нутгийн ой модны генийн сангийн хөгжил” төслөөр дамжуулан чехийн Патрик дэвшилтэт технологиор бортогонд үр тарих аргыг нэвтрүүлсэн. Үүний үр дүнд Домогт Шарын гол компани жилд 1 сая мод үржүүлэх хүчин чадалтай болсон. Одоогоор жилд 300 мянга гаруй тарьц үйлдвэрлэж, ойн гайхамшиг төвдөө 16 төрлийн модны үрсэлгээг тарьж ургуулж байна. Өнгөрсөн хугацаанд 15 га нас гүйцсэн нарсан ойг улсын ойн санд хүлээлгэн өгчээ.
 
Мөн ЕХ тэргүүтэй байгууллагуудын Монгол Улсад хэрэгжүүлж байгаа “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” (STREAM) төслийн ой модны судалгаа, хамгаалалт, боловсон хүчин, чадавхыг бэхжүүлэх дэд төслийг хариуцан явуулж буй олон улсын их, дээд сургуулиудын Консорциумыг Чехийн Менделийн Их сургууль тэргүүлэн оролцож байна.