ЭЛЧИН САЙДЫН ЯАМ ЧЕХ УЛСЫН МОСТ ХОТОД АЖИЛЛАЛАА
ЭСЯ-наас 2025 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Мост хотод ажиллаж, тус хотын ойр орчим аж төрж буй иргэдийн төлөөлөлтэй уулзав. Уулзалтаар Элчин сайд Д.Гансүх Монгол, Чех улсуудын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, энэ жил тохиож буй хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлууд, ЭСЯ-наас иргэдэд зориулсан арга хэмжээ, үйл ажиллагааны талаар танилцуулж, иргэдийн санал бодлыг сонсч, нээлттэй ярилцлаа. Иргэд тэтгэвэр тогтоолгох, гадаадад оршин суугаа иргэд эх орондоо газраа өмчлөхтэй холбоотой асуудлуудыг хөндөж ярив.

ЭСЯ-наас "Хос багана" ТББ хамтран зохион байгуулдаг сэтгэлзүйн эрүүл мэнд, стрессийг даван туулах, урьдчилан сэргийлэх арга замын талаарх цуврал сургалтын 9 дэх удаагийнхыг Мост хотноо хийв. Сургалтыг "Хос багана" ТББ-ын тэргүүн, гэр бүлийн зөвлөгч Т.Мөнх-Эрдэнэ явуулж, стресс, сэтгэл гутралын үеийн шинж тэмдгүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, даван гарах арга замын талаар зөвлөгөө өгөв. Оролцсон иргэдийн зүгээс сургалтыг зөв зүйтэй арга хэмжээ болж байгаад талархаж, цаашид улам бүр хүртээмжтэй болгох, ялангуяа хамт олон, тодорхой салбарынхантай хийх санал тавив. ЭСЯ-наас саналын мөрөөр ажиллаж, юуны өмнө Чех улсад ажиллаж буй том оврын автомашины жолооч нарт зориулсан цахим сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна.

Мөн үеэр ЭСЯ-наас иргэдэд явуулын консулын үйлчилгээ үзүүлсэн бөгөөд энэ нь 2025 онд ЭСЯ Прагаас өөр хотуудад нийт 7 удаа явуулын консулын үйлчилгээ үзүүлж, олон иргэний цаг, зардлыг хэмнэлээ.