ЧЕХ УЛС ДАХЬ МОНГОЛ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЭСЯ-НД УУЛЗАЛТ ХИЙВ
ЭСЯ-наас Бүгд Найрамдах Чех Улс дахь Монгол иргэдийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан холбоо, төрийн бус байгууллага, шүүхийн тамгатай орчуулагч, үйлдвэр, компанийн хэлмэрч, бизнес эрхлэгчид, урлаг, спортын салбарынхан, иргэдийн төлөөлөлтэй хийдэг уламжлалт нэгдсэн уулзалтыг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ЭСЯ-нд зохион байгуулав.

Уулзалтад “Ширмэл зодогтон”, "Монгол-Чех Залуусын ирээдүй хөгжил", “Монголчуудын нэгдэл”, “Хос багана”, “Чех улсад суралцагч оюутан залуусын холбоо”, “Монгол-Чехийн Анд нөхдийн нийгэмлэг”, “Чех дэх сурын холбоо”, “Ивээлт морин хуурын төв”, Харита, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын төлөөлөл зэрэг ТББ, орчуулагч, хэлмэрч Д.Ариунжаргал, П.Оюунчимэг, Лигжиймаа Халоупкова, Вероника Капишовска, Ү.Нарангэрэл, урлаг, спортын болон зарим компани, байгууллага, иргэдийн төлөөлөл зэрэг 70 гаруй зочид оролцлоо.
Уулзалтаар Элчин сайд Д.Гансүх Монгол, Чех хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд ЭСЯ-наас хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээнийхээ талаар танилцуулж, 2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагааны талаар болон бусад асуудлаар мэдээлэл өгч, хүрэлцэн ирсэн иргэдийн хүсэлтийг сонсож, санал солилцов. Иргэдээс Чех улсад аж төрж буй монгол хүүхэд багачуудын монгол, чех хэлний асуудал, эхчүүд эмэгтэйчүүдэд зориулсан зөвлөгөө, мэдээлэл, иргэдэд эрүүл амьдралын хэв маяг бий болгох зэрэг асуудлыг хөндөж, энэ чиглэлээр ЭСЯ-тай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж, өөрсдийн санал санаачлагаа ярьж танилцуулсан нь сайшаалтай байв. Тухайлбал, Плзен хот дахь “Монголчуудын нэгдэл” ТББ-аас “Хоёр хэл – Хоёр ертөнц” хөтөлбөрийн хүрээнд чехийн ерөнхий боловсролын сургуулийн 3 дугаар ангийн сурагчдад хос хэлний мэдлэг олгох цахим болон танхимын сургалтыг зохион байгуулах талаар, Аймгийн харцага Ж.Билэгт хүүхэд залуусыг үндэсний бөхийн спортоор хичээллүүлж өв соёлоо түгээх, эмч Л.Энхбилэг, фитнесийн тамирчин С.Энхжаргал, сагсан бөмбөгийн тамирчин О.Наранцогт, волейболын тамирчин Д.Мөнхжаргал нар эрүүл мэнддээ анхаарч, эрүүл амьдралын хэв маягийг бий болгохыг уриалж, өөрсдийн зүгээс дэмжлэг, туслалцаа үзүүлэхээ илэрхийллээ. Мөн П.Шагдар, М.Мандуул нарын иргэд санхүү, бизнес эрхлэхтэй холбоотой асуудлаар зөвлөгөө өгч, хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв.

Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газрын шагнал “Нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан” тэмдгээр “Монгол Чех залуусын ирээдүй хөгжил” ТББ, “Чех дэх монгол ээжүүдийн бүлгэм”-ийг үүсгэн байгуулагч Г.Батцэцэгийг, Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны “Жуух бичиг”-ээр Плзен хотын “Josef Kajetán Tyl”-ын нэрэмжит театрын дуучин Ц.Батсуурийг тус тус шагнасныг Элчин сайд Д.Гансүх гардуулж, баяр хүргэлээ.


Цаг заваа гарган уулзалт, арга хэмжээнд хүрэлцэн ирсэн, санал, хүсэлтээ илэрхийлсэн Та бүхэнд дахин талархал илэрхийлж, цаашид ЭСЯ-тайгаа тогтмол харилцаа холбоотой байж, хамтран ажиллахыг хүсье.
