МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН ЯРУУ НАЙРАГ, УРАН ЗОХИОЛООС ЧЕХ ХЭЛЭЭР ХЭВЛЭГДЛЭЭ
Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд ЭСЯ, “Plav” сэтгүүлийн газар, Карлын Их сургуулийн Монгол судлалын төв хамтран тус сэтгүүлийн нэг дугаарыг Монголын орчин үеийн уран зохиолуудаас чех хэлээр хэвлэн гаргахад зориулав.
Монголын орчин үеийн уран зохиолын томоохон төлөөллүүд, тухайлбал, Ц.Дамдинсүрэн, Д.Норов. Р.Чойном, Л.Өлзийтөгс, Г.Аюурзана зэрэг зохиолч, яруу найрагчдын бүтээлээс Карлын Их сургуулийн Монгол судлалын төвийн багш, оюутнууд, монголч эрдэмтэд, судлаачдын тусламжтайгаар чех хэлэнд хөрвүүлжээ.
“Plav” сэтгүүл нь чехийн номын зах зээлд хангалтгүй байгаа гадаадын уран зохиолыг чех хэлээр уншигчдад хүргэдэг бөгөөд хэвлэн гаргасан сэтгүүлээ чехийн томоохон хотуудын номын сангуудад тараадаг байна. Сонирхсон уншигчид тус сэтгүүлийн дугааруудыг www.svetovka.cz/archiv/ цахим хуудсаар дамжуулан худалдан авах боломжтой юм байна.
Ийнхүү чехийн уншигчид манай зохиолчдын бүтээлээс төрөлх хэлээрээ унших боломж нэгээр нэмэгдэж байгаа бөгөөд энэхүү сэтгүүлийг чех хэлээр суралцаж буй хүүхэд, багачууд, чех анд нөхөд, хамтран ажиллагсаддаа санал болгох завшаан гарч байгаад баяртай байна.
Сэтгүүлийн дээжээс ЭСЯ-нд өгснийг талархан хүлээж авлаа.
