images

ЧЕХ ДЭХ МОНГОЛ ҮНДЭСНИЙ БӨХЧҮҮД АМЖИЛТАА БАТАТГАЛАА

Үйл явдлын мэдээ

2025-10-07

7

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, үндэсний бөхийн Дархан аварга Ж.Мөнхбат агсаны нэрэмжит Европын аварга шалгаруулах Үндэсний бөхийн шилжин явах цомын төлөөх тэмцээн 10 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд Будапешт хотноо амжилттай зохион байгуулагджээ.
 
Европ тивд хоёр дах удаагаа болж буй энэхүү тэмцээнд Чех дэх бөхчүүд амжилттай оролцож, өнгөрсөн жил Прага хотноо болсон анхдугаар тэмцээний багийн барилдаанд түрүүлсэн амжилтаа бататгаж чадлаа. Багийн барилдаанд чехийн 4 баг оролцсоноос Орхон аймгийн Жаргалант сумын харьяат аймгийн начин Сэрээтэрийн Энх-Амгалан, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат залуу бөх Эрдэнэбатын Хосбаяр, Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат залуу бөх Төрмөнхийн Өгий нарын “Чехийн 1 дүгээр баг” түрүүлж, тэмцээний шилжин явах цомын эзэн болов.
 
Европын аваргын хоёр дах удаагийн барилдаанд Чехээс Брюссель хотноо болсон анхдугаар “Дэлхийн Монголчуудын Наадам”-ын түрүү бөх Увс аймгийн Зүүнговь сумын харьяат сумын начин М.Цэндсүрэн, үзүүрлэсэн Архангай аймгийн Өлзийт сумын харьяат залуу бөх Б.Чанрав, дунд шөвөгт шалгарсан залуу бөх Э.Хосбаяр нарын шилдэг бөхчүүд оролцсоноос Э.Хосбаяр энэ удаагийн тэмцээний бөхчилсөн бөхийн барилдааны их шөвөгт шалгарав.
 
Мөн тэмцээний өсвөрийн бөхийн барилдаанд Чехээс 6 бөх оролцов. Тэмцээний 6-9 насны ангиллын бөхийн барилдаанд Цэдэндамбын Буянхишиг түрүүлж, Батбөхийн Цэнгүүн үзүүрлэж, Энхбаатарын Мөнхдүүрэн их шөвөгт, 10-13 насны ангилалд Цэдэндамбын Буян-Өлзий их шөвөгт, 14-16 насны ангилалд Лхагвын Ялалт түрүүлж, Батбөхийн Билгүүн үзүүрлэсэн байна.
 
Үндэсний өв соёл, монгол хүний бахархал болсон үндэсний бөхийнхөө ёс жаягийг эрхэмлэн дээдэлж, зааж сургаж, дэмжиж яваа бөхчүүд, бөх сонирхогчид, аав, ээжид нь баяр хүргэхийн зэрэгцээ нийт бөхчүүддээ амжилт хүсч, Монгол бөхийнхөө босоо цагаан хийморийг цаг үргэлж мандуулж явахыг ерөөе.