images

ҮНДЭСНИЙ УРЛАГ, СОЁЛОО СУРТАЛЧЛАХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Үйл явдлын мэдээ

2025-10-22

11

Тус ЭСЯ Прага хотын 6 дугаар дүүргийн Захиргаа, “Вилла Пелле” галерей болон Ахмадын клубтэй хамтран 2025 оны 10 дугаар сарын 21-нд  уулзалт зохион байгуулж, улс орноо сурталчлан танилцуулах арга хэмжээг зохион байгуулав.
 
 
Элчин сайд Д.Гансүх танилцуулгадаа энэ жил Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгааг тэмдэглэж, энэхүү түүхт ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч П.Павелийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж, Чехийн үндэсний музейд “Чингис Хаан” олон улсын үзэсгэлэнг дэлгэн үзүүлж, Чех улсын Ерөнхийлөгчийн ордон болон Чехийн Улсын Филармони “Рудольфинум”-д Морин хуурын чуулгын “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгуулсан тухай онцлон ярив. Мөн Прагийн амьтны хүрээлэнгийн хэрэгжүүлж буй тахь нутагшуулах төсөл, Монгол-Чехословакийн геологийн хамтарсан баг Эрдэнэтийн зэсийн ордыг нээсэн зэрэг хоёр талын хамтын ажиллагааны онцлох үйл явдлын талаар дурдав.
 
Мөн үеэр шүүхийн тамгатай орчуулагч Б.Мянганбаяр Монголын тухай, үндэсний соёл урлаг, бичиг үсэг, хувцас гоёл, эрийн гурван наадмын талаарх танилцуулгыг чех хэлээр хийж, уран бүтээлч Б.Хосбаяр морин хуур хөөмийн хосолсон үзүүлбэрийг зочдод сонирхуулав. “Гэр кэмп”-ийн хамт олон үндэсний хоол, цайгаар зочдыг дайлж, зураач Д.Үнэнт уран зургуудаасаа толилууллаа. Хамтран ажилласан та бүхэнд дахин талархал илэрхийлье.
 
 
 
Энэ арга хэмжээ нь дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд улс орноо сурталчлан танилцуулахаар төлөвлөсөн ажлуудын нэг бөгөөд ирсэн зочид сэтгэл ханамжтай байв. Зочид төрийн далбаа, соёмбоны утга учир, Монгол цэргүүд Европт хөл тавьсан түүх, тэд Моравын нутгаар дайран өнгөрсөн тухай болон холбогдох түүх, домог, мөн өнөөгийн Монгол орон нүүдэлчин аж амьдрал орчин үеийн амьдралын хэв маягийг хэрхэн хослуулан аж төрж байгаа талаар сонирхон асууж байв.
 
Дүүргийн дэд дарга Мариан Хошек мэндчилгээ дэвшүүлж, тэднээс тавьсан саналыг хүлээн авч, Монгол Улсын талаар сонирхолтой мэдээлэл өгч, танилцуулж байгаад талархал илэрхийлэв.
 
 
Манай ЭСЯ Прага хотын 6 дугаар дүүрэг дэх хаягтаа 1964 оноос хойш оршин сууж байгаа юм.