“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРӨӨР ЧЕХ УЛСАД СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУД ЭСЯ-НДАА ЗОЧИЛЛОО
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Элчин сайд Д.Гансүх Монгол Улсын “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрөөр Бүгд Найрамдах Чех Улсын их сургуулиудад суралцаж буй оюутан залуусыг 2025 оны 9 дүгээр сарын 12-нд ЭСЯ-нд хүлээн авч, ярилцав.
_1757689923.jpg)
Элчин сайд эх орныхоо өнцөг булан бүрээс сурлага, хөдөлмөрөөрөө шалгарч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцахаар ирсэнд хүүхдүүдэд баяр хүргэж, Чех улсад болоод оюутны амьдралдаа дасан зохицох, оюутнуудад гол төлөв тохиолддог хүндрэл бэрхшээлийг даван туулахтай холбоотой зөвлөмж өгөв. Мөн хичээл номдоо шамдан суралцахын зэрэгцээ оршин суугаа нутаг орон, хүн ардын амьдрал ахуй, соёл зан заншилтай сайн танилцаж, улс орныхоо нэр төрийг өндөрт өргөж явахыг захив.
Уулзалтад “Чех улсад суралцагч оюутан залуусын холбоо”-ны төлөөлөл Б.Нармандах, Н.Марал, Г.Дөлгөөн нар оролцож, чехийн их сургуульд суралцсан туршлагаасаа хуваалцаж, мэдээлэл зөвлөгөө өгсөн нь ач холбогдолтой боллоо.
_1757689966.jpg)
Одоогоор “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрөөр Чех улсад 51 оюутан суралцаж байна. Үүнд 2023 онд ирсэн анхны 8 оюутан Прага хотноо Техникийн Их сургуульд суралцаж байгаа бол Карлын Их сургуульд 2024/2025 оны хичээлийн жилд чех хэлний бэлтгэлд суралцаж төгссөн 18 оюутан энэ жилээс Техникийн Их сургууль, Хөдөө аж ахуйн Их сургууль, Либерец хотын Их сургууль, Острава хотын Их сургууль, Острава хотын Техникийн Их сургууль, Өмнөд Бохемийн Их сургууль, Баруун Бохемийн Их сургууль, Храдец Кралове хотын Их сургуулиудад элсэн орлоо. Оюутнууд био анагаах ухаан, сэргээгдэх эрчим хүч, логистик, статистик, биотехнологи, хиймэл оюун ухаан, арьс түүхий эд судлал зэрэг мэргэжил чиглэлийг сонгожээ. Энэ жил шинээр ирсэн 22 оюутан Карлын Их сургуулийн Подебради дахь хэл, мэргэжлийн сургалтын төвд чех хэлээ гүнзгийрүүлэн судалж эхлээд байна.
_1757690000.jpg)
ЭСЯ-наас Чех улсын их сургуульд элсэх, шалгалт өгөх, хоёр улсын ЕБС-ийн хөтөлбөрийг дүйцүүлэх, оюутны виз сунгах зэрэг асуудлаар зөвлөмж гарын авлага бэлтгэж танилцуулав.

_1757690104.jpg)
_1757690159.jpg)
_1757690354.jpg)