“ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРӨӨР ЧЕХ УЛСАД 50 ГАРУЙ ОЮУТАН СУРАЛЦАЖ БАЙНА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрөөр Чех улсад суралцах 3 дахь ээлжийн 21 оюутан 2025 оны 9 дүгээр сарын 2-нд Прага хотноо ирлээ. Манай оюутнууд эхний жилдээ Карлын Их сургуулийн Подебради дахь Хэл, мэргэжлийн сургалтын төвд чех хэлийг гүнзгийрүүлэн үзэж, ирэх хичээлийн жилээс эх орондоо нэн хэрэгцээтэй мэргэжлээр Чехийн их, дээд сургуулиудад суралцах юм.
Чех улсад “Илгээлт-2100” хөтөлбөрөөр 2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн суралцсан анхны 8 оюутан Прага хотын Техникийн Их сургуульд суралцаж байна. Удаахь 21 оюутан 2024-2025 онд Карлын Их сургуулийн Хэл, мэргэжлийн сургалтын төвд суралцан амжилттай төгсч, энэ хичээлийн жилээс Техникийн Их сургууль, Хөдөө аж ахуйн Их сургууль, Острава хотын Техникийн Их сургууль, Остравагийн Их сургууль, Баруун Бохемийн Их сургууль, Либерецийн Их сургууль, Өмнөд Бохемийн Их сургууль, Храдец Краловегийн Их сургуулиудад чех хэл дээр суралцахаар тус тус элсэн ороод байна.
ЭСЯ-наас шинээр ирсэн оюутнуудыг тосч аван холбогдох мэдээлэл заавар өгөв.
Өдгөө Чех улсад манай улсын 14500 гаруй иргэн ажиллаж амьдарч байгаа бөгөөд тус улсын бүх шатны сургуульд манай 2500 орчим хүүхэд суралцаж байна. Тэднээс 150 орчим оюутан залуус юм.
Бүх суралцагчдадаа эрдэм номдоо шамдан суралцахыг хичээнгүйлэн захья.
