images

ЭЛЧИН САЙД СЛОВАК-МОНГОЛЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ГИШҮҮДТЭЙ УУЛЗАВ

Үйл явдлын мэдээ

2025-07-07

10

Элчин сайд Д.Гансүх 2025 оны 7 дугаар сарын 2-нд Словак-Монголын Худалдааны танхимын Ерөнхийлөгч И.Чарногурский тэргүүтэй танхимын гишүүдийг ЭСЯ-нд хүлээн авч уулзаж, Монголд хэрэгжүүлэхээр ажиллаж буй төслүүдийн явцын талаар ярилцав. 
 
Словак-Монголын Худалдааны танхимаас манай улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ингэний хоормог боловсруулж, савлах технологи нийлүүлэх болон Логистикийн төв байгуулах төслүүдийн явцын талаар танилцууллаа. Логистикийн төв нь байгаль орчинд ээлтэй ногоон технологийн төсөл бөгөөд төвийн техник, эдийн засгийн үзүүлэлтийг бэлэн болгосон байна.
 
Элчин сайд манай хоёр улсын худалдаа, бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог нэмэгдүүлэхэд Словак-Монголын Худалдааны танхимын үйл ажиллагаа чухал түлхэц болж байгааг тэмдэглэж, хоёр улсын холбогдох яамд Монгол-Словакийн эдийн засгийн хамтарсан хорооны хуралдааныг зохион байгуулахаар ярилцаж байгааг мэдээлж, энэ үеэр төслүүдийг танилцуулж, хамтран ажиллах боломжтойг мэдээлэв.